Фижи улсад коронавирусний халдвар авсан бүх хүн эдгэрсэн болохыг тус улсын Ерөнхий сайд Фрэнк Мбаинимарама мэдэгдлээ.
“Манай улсад “COVID-19”-ийн халдвар авсан сүүлчийн өвчтөн дөнгөж сая эдгэрлээ. Өдөрт хийж буй шинжилгээний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, халдварын сүүлчийн тохиолдол илэрснээс хойш 45 хоног өнгөрөөд байна. Нас барсан тохиолдол гараагүй, эдгэрэлт 100 хувь” гэж Фижигийн Ерөнхий сайд твиттер хуудсандаа бичжээ.
Фижид коронавирусний халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 19-нд бүртгэгджээ. Вирус тархсанаас хойш тус улсад “COVID-19”-ийн халдварын 18 тохиолдол илэрсэн байна.
Бүгд Найрамдах Фижи Улс нь Өмнөд Номхон далайн Меланезид, Шинэ Зеландын Хойд арлаас зүүн хойш 2000 км зайд орших арлын улс юм.
ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 6.4 сая давж, 383 мянга орчим хүн нас баржээ.