Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо өчигдөр хуралдаж Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 162 гишүүн бүгд санал нэгтэйгээр баталсан юм.
Хонконг Их Британийн колоничлолоос гарч БНХАУ-ын мэдэлд шилжсэний 23 жилийн ой тохиож буй энэ өдөр буюу 7-р сарын 1-нээс дээрх хууль хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхлэж байгаа юм байна.
Хятадын дарга Ши Жиньпиний гарын үсгээ зурж баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь манай урд хөршийн засгийн газарт Хонконгийг захирах шинэ эрх мэдлийг олгож, тус автономит бүсийн иргэдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хязгаарлаж байгаа юм.
Хятадын шинээр баталсан хууль нь Хонконгийн байнгын оршин суугчдад болон тус бүс нутагт түр оршин суугаа бүх иргэдэд хамааралтай юм байна.
Хуулийн заалтуудын заримаас танилцуулбал:
- Хонконгийн салан тусгаарлах үзлийг өдөөсөн үйл ажиллагаа, терроризм, Хятадын эсрэг гадны оронтой хуйвалдах, төрийн эргэлт хийхийг оролдох гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэлд гурван жилээс насаар нь хорих хүртэл ял онооно.
- Хятадын төв засгийн газар болон Хонконгийн засгийн газрын эсрэг дайсагнасан ямар ч үйлдлийг гэмт хэрэгт тооцно.
- Нийтийн тээврийн объект, хөдөлгөөнд саад хийсэн үйлдлийг терроризмын гэмт хэрэгт тооцно.
- Дээрх хэргүүдэд холбогдсон иргэдийг төрийн албанд ажиллахыг хориглоно.
- Хонконгт үйл ажиллагаагаа явуулж буй гадны орны төрийн бус байгууллагуудад болон мэдээллийн агентлагуудад тавих хяналтыг чангатгах.
- Хятадын төв засгийн газарт шууд захирагдах аюулгүй байдлын шинэ албыг Хонконгт байгуулна.
1997 онд Их Британиас Хятадын мэдэлд шилжсэн өдөр болох 7-р сарын 1-ний өдөр Хонконгт ихэвчлэн эрх чөлөөний төлөөх эсэргүүцлийн жагсаал өрнөдөг юм.
Эх газрын Хятадын шинээр баталсан чанга хуулийг болон коронавирусний хөл хориог үл харгалзан Хонконгийн зарим тэмцэгчид өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ.
Эх сурвалж: ВВС