Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын булчирхайн хэлбэрийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж аймгийн Онцгой комисс яаралтай хуралджээ.

Улиастай сумын иргэн 39 настай Д нь 7 хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэн байна. Одоогоор халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт яаралтай тусгаарлажээ.

Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. Цагдаагийн байгууллага нэгдүгээр хавьтлын 9 хүнийг гэрийн тусгаарлалт, хяналтад авах

2. Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах

3. Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 7-р сарын 25-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг тус тус гаргалаа.

Шинжилгээг өнөөдөр 15:00 цагт авсан бөгөөд эхний хариу 48 цагийн дараа гарна.

Завхан аймгийн 17 сум тарваган тахлын голомттой. Иймд ард иргэд олуулаа нэг дор цуглахгүй, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байх, хорио цээрийн дэглэмийг сайтар сахихыг уриалж байна.

Тарваган тахал өвчний үед илрэх шинж тэмдэг 

ТАРВАГАН ТАХЛААР ӨВЧИЛСӨН ҮЕД ЭМНЭЛЭГИЙН ТУСЛАМЖ ХЭРХЭН АВАХ ВЭ?

1. Эрүүл мэндийн байгуулад дуудлага өгөх

2. Халдвар дамжихаас сэргийлэх

3. Эрсдэлд өртсөн тохиолдолд өөрийгөө тусгаарлах

Таны сурталчилгаа