Цаг үеийн мэдээ

Иргэн өөрийн хүсэл зориг, хэрэгцээ шаардлагын дагуу өдөр тутамдаа эрх зүйн харилцаанд оролцож, хуулиар олгосон  боломжийн хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлж байдаг ба нөгөө талаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль зүйн боломжийг бүрдүүлэх үүргийг хүлээдэг. 

Тэгвэл нотариатч нь төрөөс тогтоодог  эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлж, өв залгамжлал, гэрээ хэлцэл, баримт бичгийг гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, Олон улсын гэрээ, конвенцийн дагуу баримт бичгийг хилийн чанадад илгээх, хүлээн авахад тухайн баримт бичгийг баталгаажуулахтай холбоотой үүргийг хүлээдэг мэргэжлийн хуульчид юм. 

Мөн өөрийн үйл ажиллагаандаа төрийн албан соёмботой тамгыг хэрэглэж, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, хараат бус, бие даасан байх зарчмыг баримталж ажиллахаа Монгол Улсын төрийн сүлдний өмнө батлан тангарагладаг, өндөр хариуцлагатай албыг эрхэлдэг. 

Нотариатын энэхүү чиг үүрэг, ач холбогдлыг гүйцэд таньж мэдээгүйн улмаас иргэн хувийн үзэмжээрээ дүгнэх, хуулиар тогтоосон шаардлагыг үгүйсгэсэн байдлаар хандах тохиолдол цөөнгүй гардаг.

Иргэн Та нотариатын үйлчилгээ авахдаа өөрийн биеэр очиж, нотариатчид хүсэл зоригоо илэрхийлэх, баримт бичгийг үнэн зөвөөр бүрдүүлж өгөх, шаардлагатай тохиолдолд нотариатчийн асуусан асуултад амаар буюу бичгээр тайлбар өгөх үүрэгтэй байдаг. 

Энэ нь эргээд болзошгүй маргаанаас урьдчилан сэргийлж, үнэн зөв нотлох баримтыг бий болгосноор үйлчлүүлэгч Таны эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалах “дархлаа” тогтоож байдаг төдийгүй нийгэмд үүсэх хууль бус үйл ажиллагаа, хэрэг зөрчил, шүүхийн маргааныг бууруулж байдаг давхар ач холбогдолтой юм. 

Учир нь Нотариатаар гэрчлүүлсэн аливаа үйл баримт, үйлдэл нь хууль зүйн фактыг бий болгож, талуудын хооронд маргаан гарвал бүх шатны шүүх, хууль сахиулах бусад байгууллагад нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг билээ.

Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуулиар өвлөх эрхийн гэрчилгээ болон тодорхой төрлийн гэрээг нотариатчаар заавал гэрчлүүлэхээр зааснаас бусад тохиолдолд нотариатч талуудын хүсэлтээр, үл маргах шинжтэй болгох зорилгоор нотариатын үйлчилгээ үзүүлдэг. 

Тодруулбал баримт бичгийн хуулбар, төлөөлөх эрх олгох итгэмжлэл, гарын үсгийн үнэн зөв гэх мэт иргэдийн өдөр тутамдаа ашиглаж байдаг баримт бичгийг үйлчлүүлэгч Таны эсхүл танаас тухайн баримт бичгийг шаардаж байгаа байгууллагын хүсэл зоригийн дагуу нотариатч гэрчилж байгаа хэрэг юм.  

Монголын Нотариатчдын танхимын тоон судалгаанаас харахад нотариатаар үйлчлүүлэх иргэдийн тоо жил тутам өсөн нэмэгдэж байгаа нь нотариатын үйлчилгээний ач холбогдол, мөн чанарыг илэрхийлэхийн зэрэгцээ нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг, хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаагийн тод илрэл билээ.

Өнөөдөр төрөөс тогтоосон энэхүү эрхэм хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг нотариатын байгууллагын үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байна. 

Нотариатын үйлчилгээ бол Монгол Улсад шинэ тутам хөгжсөн харилцаа биш бөгөөд Ардын Засгийн газраас 1922 онд “Элдэв гадаад дотоод пүүс хоршоо, хүн иргэний харилцан тогтоосон гэрээ бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэм”-ийг баталж, нотариатын эрх зүйн суурь хөрсийг тавьсан ба бүтэц, зохион байгуулалтын хувьд 1925 оны 10 сарын 16-ны өдөр Шүүх яамны харьяанд “Ерөнхий хэлтсийн гэрээ зэргийг гэрчлэх, батлах, хэргийг эрхлэх салаа” нэртэй анх байгуулагдсан түүхтэй. 

Түүхийн хуудсанд бичигдэх энэ хугацаанд нотариатын үйл ажиллагаа улс орны төр, эрх зүйн тогтолцоо, иргэний эрх зүй, хувийн эрх зүйн хууль тогтоомжтой нягт уялдаатай байж, мэргэжлийн чиг үүргээ алдалгүй, ач холбогдлоо хадгалж ирлээ.

МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ

2020.10.16

 

 

Таны сурталчилгаа