Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы баасан гарагийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсыг Их Хурлын гишүүн Б.Баярсайхан танилцуулав.

    Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн  2.6-д Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно хэмээн тусгасан. Дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явцын эрчимтэй нөлөө, үндэстэн дамнасан соёл хоорондын харилцааны идэвхтэй хөгжил, дэлхий дахины болон улс орны нийгзм, улс төр, эдийн засгийн хүрээнд явагдаж байгаа хурдацтай өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч соёл, урлагийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын тухай хуулийг шинэчлэн батлуулах шаардлагууд үүссэн байна.

    Төсөл 6 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 70 орчим хувь нь өөрчлөгдөж, нэр томъёо, соёлын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөн, соёлын үйл ажиллагаанд баримтлах зарчим, соёл судлал, соёлын боловсрол, соёлын үйлдвэрлэл, соёлын ажилтны үнэлэмж, мерчендайзийн гэрээ, соёлын агентын зохицуулалтыг шинээр нэмж тусгасан гэлээ. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан Соёлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Номын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэв.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэх аж. Соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний соёлыг хадгапах, хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбарт мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэх юм байна. Мөн иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн театр, чуулгын урын санг үндэстэн, ястны онцлогтой уялдуулан хөгжүүлэх, материаплаг баазыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Түүнчлэн уран бүтээлийг бодитойгоор урт хугацаанд дэмжих, соёлын харилцаанд оролцогчдын хөдөлмөрийг зүй зохистой үнэлж, хөгжүүлэх нөхцөл бүрдэх юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо уг төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

    Төслийн талаарх Соёлын сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Н.Алтанхуяг, П.Анужин, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Х.Ганхуяг, Б.Баярсайхан, Т.Аубакир, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Чинзориг нар асуулт асууж, Соёлын сайд, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт тайлбар авав.

    Хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаарх тайлбарыг өглөө. Тус хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлдөг. Энэ төлбөрийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулах бөгөөд энэ талаархи журмыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах хуультай. Эл зохицуулалт бүхий заалтад “соёл” хэмээн нэмэх, ингэснээр орон нутгийн соёлын үйл ажиллагааг санхүүжүүлэх боломж бүрдэнэ хэмээн орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулсан гэв. Түүнчлэн гишүүд төсөл дэх Соёлын зөвлөл, түүний үйл ажиллагаа, соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, нэмэгдэл олгох, мерчейндайзийн гэрээний талаарх зохицуулалт, агентлагуудын үйл ажиллагааны талаарх зохицуулалтуудын талаар тодруулж, мэдээлэл авсан юм. Төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг иргэдийг, хүүхэд залуусыг үндэсний өв, соёл, уламжлалаа мэддэг монгол хүн болгон төлөвшүүлэх, тэр чиглэлд соён гэгээрүүлэх ажлуудыг онцгой анхаарч зохион байгуулах асуудлыг төсөлд тусгаагүй байгааг шүүмжилж, хэлэлцүүлгийн явцад анхаарч холбогдох өөрчлөлтийг тусгах нь зүйтэй. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төслийг дахин боловсруулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Монголчууд соёлын хувьд алсын хараатай бодлого явуулах ёстой гэдгийг онцлоод “Манай эдийн засаг жижиг байж болно. Гэхдээ бидний бүтээсэн соёл, түүх бол дэлхийн хэмжээнийх. Соёлыг яам монголчуудынхаа түүх соёлыг олон улсад таниулах, түгээх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэх зэргээр өргөн хүрээний, далайцтай бодлого явуулах зорилготой байх ёстой” гэлээ. Энэхүү төслийг холбогдох бусад хууль, төслүүдийн зохицуулалт, нэр томъёотой нийцүүлэх шаардлага бий гэдгийг Н.Учрал гишүүн хэлж байв.

    Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65.1 хувь нь төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Таны сурталчилгаа