Цаг үеийн мэдээ

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй, гадаад улсад эмчлэгдэх шаардлагатай, хавдрын оноштой хүүхдүүдийн аав, ээж нарын төлөөлөл Эрүүл мэндийн яамны сайдад шаардлага хүргүүлээд байсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнчин тархины хоргүй хавдар, тархины усжилт гэсэн оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж буй У.Цолмон хүүгийн ээж Т.Намуундаръяатай ярилцлаа.

Өдрийн мэнд хүргэе. Хүүгийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?

- Миний хүү БНСУ-д хагалгаандаа амжилттай ороод эмчилгээгээ хийлгэж байна. Биеийн байдал сайн байгаа.

Хавдрын оноштой хүүхдүүдийн аав, ээж нарын төлөөлөл Эрүүл мэндийн яамны сайдад шаардлага хүргүүлээд байсан. Та бүгдэд ямар хариуг өгсөн бэ?

- ЭМЯ-наас хүүд минь туслаач гээд хандтал төрийн нарийн бичгийн дарга нь “тавилан юм даа” гэж хэлээд гаргасан. Тэнд хавдрын улмаас хүүхдээ алдсан ээжүүд байсан. Үнэхээр боломжгүй байж болно. Цагаан дээр хараар биччихсэн зүйлийг би уйлж, гуйгаад өөрчилж чадахгүй. Хүн бүрт асуудал бий, би ганцаараа зовоогүй. Гэхдээ ядаж “хүү нь удахгүй эдгэрэх болно, тэнхээтэй байгаарай” гэсэн бол шар өөр. Хавдрын оноштой хүүхдүүдийн ээж, хавдрын улмаас хүүхдээ алдсан ээж, аав нарын сэтгэл санаа маш их хямарсан байгаа шүү дээ. Хоёр дахь удаагаа хагалгаанд орж байгаа тохиолдолд ямар ч зээл, тусламж байдаггүй гэсэн. Байр, машин зээлэх гэхээр зээл олгож болдог. Харин нэн яаралтай, эрүүл мэндийн шалтгаанаар мөнгө зээлэх боломж байдаггүй юм байна лээ.

Хүүгээ эдгэрсний дараа хүүтэйгээ юу юу хийхийг хамгийн их хүсч байна вэ?

- Хүү маань байнга хэлдэг. Хичээлдээ хурдан суумаар байна, ангийнхантайгаа хурдан уулзмаар байна гээд л. Ангийн хүүхдүүд, багш нар нь хамгийн дурсамжтай, сайхан мөчүүдийг бий болгосон юм болов уу гэж боддог. Хоёр хүнд тархины хагалгаанд орсон хүү минь өмнөх хагалгаанд нэг нүд нь хараагүй болсон. Одоо эмчилгээ зогсвол зүүн нүд нь харахаа больж магадгүй. Цоо эрүүл болдоггүй юм гэхэд амьд мэнд ээж аавтайгаа байхад болно. Муруй, далий гишгэхэд нь ээж аав нь гар, хөл, нүд нь болоод явна. Энэ л миний хүсч байгаа зүйл.

У.Цолмон хүүгийн хүсэл мөрөөдлийн талаар ярьж өгөөч?

- Миний хүү том болоод хувь хүнийхээ хувьд аав шигээ хүн болно гэж хэлдэг. Манай нөхөр тэвчээр хатуужилтай, зөв үлгэр дууриалалтай, хүүхдүүддээ цаг заваа их зарцуулж чаддаг хүн байдаг. Хүү маань аавынхаа амь хүүхэд. Мэргэжилийн хувьд жаахан хүүхэд болохоор бүр бага байхдаа цагдаа болно гэдэг байж билээ. Одоо ээжийгээ өрөвдөж хайрласан юм болов уу, би тусламжийн байгууллагын хүн болно бас хүүхдийг эдгээдэг эмч болно гэж ярьдаг.

Одоо хүүгийн эмчилгээний зардалд хэдэн төгрөг дутуу байгаа вэ? 

- Монгол түмнийхээ тусламж,  дэмжлэгээр боссон хандиваар хагалгаанд орчихоод  одоо лазер хагалгааны төлбөр хүлээгдэж байгаа. Гэхдээ өмнөх хагалгааны төлбөр бүрэн төлөгдөхийг хүлээж байна. Ингэж байж дараагийн шатны хагалгаа хийгдэнэ. Аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 39 сая вонын төлбөр гарсан  баримтыг  нь эмнэлгээс авсан. Одоогоор  энэ мөнгөний 15 сая воныг нь төлчихсөн. Дахиад цаана нь монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан. Үүнийг төлж байж дараагийн лазер хагалгаанд орох бөгөөд  20 сая төгрөгийн өртөгтэй. Уг хагалгаанд орсны дараа хүүгийн биеийг нөхөн сэргээх физик эмчилгээ, ор хоног,  эмчилгээний мөнгө шаардлагатай. Одоо ч энэ бүхний төлбөр урссаар л байна. Хоол идэж чадахгүй байгаа учраас уураг хийх, өртөг өндөртэй морфин  зэрэг өвчин намдаах тариа хийж байгаа. Энэ бүхэн хэдэн сая воноор яригдаж,  өдөр ирэх бүр  өссөөр байна. Цаашид ямар эмчилгээ хийгдэхийг мэдэхгүй. Гэхдээ эмч нарын хэлж буйгаар  одоо 150 орчим сая төгрөг  орох байх гэсэн. Бид жирийн ард түмэн, дуучин урлаг соёлынхон  гэх мэтчилэн олон хүнд хандсаар явна.

Нийт монголынхоо ард түмэнд хандаж үг хэлвэл?

- Ээж хүү хоёрт сэтгэлээрээ, боломжоороо тусласан, миний хүүг эдгээсэй гэж хүсч, залбирч байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та нарынхаа ачийг үгээр илэрхийлэх боломж үгүй. Дахин дахин баярлалаа гэж хэлье. Монгод нэг ч хүүхэд битгий өвдөөсэй, бүх ээжүүд сэтгэл нь амар тайван байж, бүү зовж шаналаасай гэж хүсч байна.

Ээж Намуундаръяа
Хаан банк: 5779194447
Голомт банк: 3155110033
Төрийн банк: 312500474121
Холбоо барих утас: 98114880

Таны сурталчилгаа