Цаг үеийн мэдээ

МХЕГ-ын дарга Т.Гантулга Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаватай уулзлаа. Уулзалтын эхэнд улсын ерөнхий байцаагч Т.Гантулга мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэр дундаа хилийн боомтод хийгдэж байгаа эрүүл мэндийн хяналт шалгалтын талаар танилцуулж мэдээлэл өгөв. Түүнчлэн хил дээр ажиллаж буй албан хаагчдыг хүйтний улиралд шаардлага хангасан ажлын болон түр тусгаарлах байр, хувийн хамгаалах хувцсаар хангахад дэмжлэг үзүүлэх, улсын байцаагчдыг чадавхжуулах, мөн цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Каори Ишикава “Мэргэжлийн хяналтын байгууллагыг цар тахалтай нүүр тулж, тэргүүн эгнээнд ажилладаг байгууллага гэдгийг хилийн боомтуудаар томилолтоор ажиллах үеэрээ маш сайн мэдэрсэн” гээд хамтран ажиллах чиглэлүүдээр, тухайлбал өвлийн улиралд тохиромжтой хамгаалах хувцасаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага цар тахлын үед тэргүүн эгнээнд чухал үүрэг гүйцэтгэж ажилладаг талаар НҮБ-ын харьяа агентлагуудын нэгдсэн хуралдаанд танилцуулан хамтран ажиллахыг уриална гэдгээ онцлоод цаашид хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангаас Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдад нэг удаагийн хамгаалах хувцас, амны хаалт, нүдний хаалт болон гар халдваргүйжүүлэх уусмалыг буцалтгүй тусламжийн хүрээнд гардуулан өглөө.

Таны сурталчилгаа