Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “Амьдрал бэлэглэе” өдөрлөгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д “Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэж заасан байдаг. Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам баталсан.
Энэ журмын хэрэгжилтийг хангахаар Донорын зөвшөөрлийн картыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд гардуулан өгсөн юм.
Монгол Улсын Донорын тухай хуулийг 2018 онд шинэчлэн баталж Эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан.
Монгол Улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг.
Өнөөдрийн байдлаар бөөр 224 /тархины үхэлтэй донороос 29/, элэг 131 /тархины үхэлтэй донороос 12/, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, нүдний эвэрлэг 24 шилжүүлэн суулгаад байгаа аж.