Цаг үеийн мэдээ

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд боллоо.
Ёслолын эхэнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Дашчойнхорлон хийдийн лам, хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурсан бөгөөд Гандантэгчэнлин хийдээс “Ганжуур” хөлгөн судрыг авчран хоймортоо залжээ.
Богдын долоон хутагтын хоёр нь болох Манзушир хутагт, Бамбар-Эрдэнэ хувилгаан нар оролцсон нь ёслолын ажиллагааг улам чимнэ.
​Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тохоогдсон Соёлын сайд С.Чулуун тэргүүтэй төрийн элч төлөөлөгчид тахилгат овоонд морилон ирэхэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон ёслолын ажлыг зохион байгуулагч нар угтаж авсан юм.
​Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын төрийн далбаа, бүх цэргийн их хар сүлдний Өмнийн элч сүлд, Их эзэн Чингис хааны хөрөг, төрийн долоон эрдэнийг хүндэтгэлтэйгээр залж тусгайлан бэлдсэн индэрт байршлууллаа.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан ёслолын ажиллагааг нээж үг хэлсний дараа Соёлын сайд С.Чулуун Ерөнхийлөгчийн илгээлтийг дуудан сонсгож, айлтгалыг тэнгэрт сонсгон дуудуулахаар Ерөнхийлөгчийн зөвлөхөд гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд Богдхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, уламжлалт заншлын дагуу “Төрийн минь сүлд ивээг ээ! ” хэмээн гурвантаа өгүүлж айлтгалаа дуусгасан болно.
Ерөнхийлөгчийн илгээлт, айлтгалыг уншиж сонсгох бүрийд хурайлан даллаж, түрэн дуудаж байгаа ёслолд оролцогчдын ихэнхи нь үндэсний дээл хувцасаа өмсөж ирсэн нь хүндэтгэл төрүүлэм байлаа.
​Соёлын сайд С.Чулуун айлтгал бичгийн шар торгон дээр бичсэн хувийг үүрд хадгалуулахаар нийслэлийн Иргэдийн хурлын даргад гардуулсан бол цаасан дээр буулгасан хувийг торго, арц хүж зэрэг дээжийн хамт Төрийн ёслолын албаны дарга Э.Одмөнхөд өгч тахилгын гал мандлын бурханд өргүүлэн тэнгэрт илгээлээ.
Дараа нь гол овооны сорогшин модонд хүндэтгэл үзүүлэн хадаг уяж, зул бадраан, цай сүү, идээ шүүсний дээжээ өргөж, тэнгэрт хүргэх дуут сумыг илгээх ёслолыг журмын дагуу гүйцээсэн болно.
Лам хуврагууд “Морины сэтэр” ном уншиж эхлэхэд Соёлын сайд С.Чулуун шарга морины дэлэнд хадаг уян, тэнгэрийн хүлэг болгон сэтэрллээ. Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сэтэрлэсэн шарга моринд “Энх шарга” гэж нэр хайрласныг Соёлын сайд чихэнд нь шивнэж баталгаажуулсан юм. Уг нэрийг хайрласан утга нь дэлхий нийтийг хамраад байгаа аюулт өвчин удаж төдөлгүй ул мөргүй арилахыг бэлгэдсэн ажээ.
Төрийн элч төлөөлөгчид овооны өмнө малгайгаа авч зүүн гартаа барин гурвантаа мэхийн ёсолж хүндэтгэл илэрхийлснээр Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол өндөрлөлөө.

Таны сурталчилгаа