Монгол Ардын Нам Удирдах Зөвлөлийн Ажлын албаны ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, манлайлал, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хуваалцах сар” хөтөлбөрийг эхлүүллээ. Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулж буй энэхүү сургалт, арга хэмжээ өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарыг дуустал үргэлжлэх ба цаашдаа уламжлал болгон зохион байгуулагдах юм.
Өнөөдрийн сургалт арга хэмжээнд Монгол Ардын Намын Ахмадын холбооны Ерөнхийлөгч асан Л.Лантуу “Монгол Ардын Намын үнэт зүйл”, Хувийн санхүүгийн зөвлөх Г.Мөнгөн “Хувийн санхүүгийн сахилга бат, санхүүгээ хэрхэн ухаалгаар удирдах вэ” сэдвээр лекц, илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцлаа.
Энэхүү хөтөлбөр нь ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулахаас гадна хамт олны эерэг харилцааг бэхжүүлэх, ахмад, дунд, залуу үеийн уялдаа холбоог сайжруулахад чиглэж буй. Тиймээс өнөөдрийн сургалт арга хэмжээг Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбоо хамтран зохион байгууллаа. Хөтөлбөрт илтгэл, лекц, танхимын сургалтуудаас гадна спортын өдөрлөг арга хэмжээнүүд багтаж байгаа бөгөөд 14 хоногт нэг удаа зохион байгуулагдах юм. Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ой ирэх оны гуравдугаар сард тохионо. “100 жилийн ойгоо угтах их ажлын өмнө намын ажилтнуудаа чадавхжуулах, идэвхи оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх чиглэлд онцгойлон анхаарч энэхүү олон талт хөтөлбөрийг зарлаж байна. Цаашид ажлын албаны бүтцээ сайжруулж илүү цомхон, мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлж, тэдний тасралтгүй хөгжлийг хангах чиглэлд зорьж ажиллана” гэдгийг намын удирдлагуудын зүгээс онцолж байна