Цаг үеийн мэдээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргажээ.

 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын “Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” гэх хүсэлтийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ. Улмаар шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Б.Хурц болон Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн тамгын газар