“Ковид-19” халдварт вирус “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал болов.
“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдөр төмөр замын хэмжээнд 362 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн, төмөр замын ажилчид олноор амьдардаг 1, 4, 6, 24 дүгээр байрны иргэдээс шинжилгээ авах юм байна. Мөн тэрбээр өдөр тутмын 3991 ажлын байр, мэргэжлийн 298 ажлын байрны 20 мянга, 927 м2 талбайд ариутгал хийснийг мэдээлсэн бол МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “УБТЗ”-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албатай хамтран ажиллаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 11 зөвлөмж чиглэл болгоноор гаргаж, 10 заалттай ажлын төлөвлөгөө, халдваргүйтэлтэй холбоотой 8 заалт бүхий аргачлалыг боловсруулж, системийн хэмжээнд хэрэгжүүлэх боломж бүрдүүлэн ажиллаж байгаа”-гаа тайлагнав.
Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Мэргэжлийн хяналтын байгууллага хүнд бэрх цаг үед төмөр замчидтай хамтарч, идэвх санаачилгатай ажиллаж байгаад туйлын талархаж буйгаа илэрхийлээд УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
-“УБТЗ”-ын удирдлага Хүний нөөцийн албаныхандаа онцгой анхааруулж, төмөр замын нийт ажилтан, албан хаагчдын судалгаа, тооцоог нарийн чанд гаргаж ажиллахыг шаардах,
-Төмөр замын 11 ажлын байранд 40 ахмад санаачилгаараа ажиллаж эхэлсэнд, хүнд, хэцүү цагт төмөр замдаа тусалж байгаа “УБТЗ”-ын бүх ахмадууддаа яамны удирдлагын зүгээс талархаж, бахархаж байгааг уламжлах,
-Замын-Үүдэд үүсээд байгаа бөөгнөрлийн асуудал, шилжүүлэн ачилтын зохион байгуулалтад Тээвэр зохион байгуулалтын алба онцгойлон анхаарах,
-Төмөр замынхан “Монголросцветмет”-ийн хангалт дээр анхаарал хандуулж, долоо хоногт авдаг тайланг хоёр хоног тутамд авдаг болох,
-Дан ганц Дархан гэлтгүй Улаанбаатар, Сайншандын шугам замын худалдааны төвүүдэд чиглэл өгч, өртөө, зөрлөг, замын хэсгүүдийн хүнсний түгээлтэд онцгой анхаарах, мэдээ гаргах,
-Таваарын контор болон дамжуулах конторууд дээр ариутгалын аппарат тавьж өгөх гэж байгаа нь сайн хэрэг бөгөөд давын өмнө хоёр хилийн өртөөний дамжуулах конторт хамгийн түрүүнд хүн ажиллаж байгааг бодолцож, ариутгал, агаар чийгшүүлэлтийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглож өгөх,
-Зангилаадын төмөр замын төлөөллүүд зангилаа болгон дээр ажиллаж байгаа Ахмадын зөвлөлүүдтэйгээ уялдаа холбоотой байж, төмөр зам дээр ажиллах бололцоотой ахмадуудынхаа судалгааг үргэлжлүүлж хийх,
-Хоёр хилийн өртөөн дээр бичиг баримтнаас арчдасын шинжилгээ авч байгаа нь маш сайн байна. “УБТЗ” Эрүүл мэндийн лабораторидоо чиглэл өгөөд Улаанбаатар болон бусад газрууд дээр ОХУ-аас бууж байгаа, ялангуяа гараар авчиж буулгадаг ачаануудын гадаргуу дээрээс арчдасын шинжилгээг туршилтаар авч дүгнэлт гаргах зэрэг үүрэг, чиглэл өглөө.
ЭХ СУРВАЛЖ: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ