Өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын гудамжнаас "алга болсон өсвөр насны охины цогцос" олдсон байж болзошгүй гэх дуудлага ирсэн байна. Тодруулбал "Хичээлдээ явлаа" гээд гэрээсээ гараад 21 хоносон охины цогцос тухайн дүүргийн нутаг дэвсгэр дээрээс олджээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр
"Цагдаагийн байгууллагын 102 утсанд СБДүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр дээр "Цогцос олдсон" гэх дуудлага өчигдрийн 21.00 цагт иргэнээс ирсэн. СБДүүргийн ЦГ-ын хоёрдугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай очиж сэжигтэй этгээдийг 6 цагийн дотор илрүүллээ.
Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт Ээж, төрсөн ахын хамт оршин суудаг 2004 онд төрсөн 16 настай охин Г гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон. Тухайн охины ээж 11 сарын 3-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх мэдээллийг өгсөн.
Уг гэмт хэргийг охин Г-ийн төрсөн ах буюу 2002 онд төрсөн 18 настай Г үйлдсэн болохыг илрүүлэн таслан зогсоолоо. Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ онц ноцтойгоор амь насыг нь хохироосон байсан. Хэргийн газраас нуун далдлах зорилгоор цогцсыг гудамжинд гаргаж хаясан байдал тогтоогдож, хяналтын ажил үргэлжилж байна.
Гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэг Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг
10.1 хүний амь насыг хохироох
10.2.1-т зааснаар онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон зэргээр хариуцлага хүлээлгэнэ. Яг одоо мөрдөн шалгалт үргэлжилж байна" гэв.
Мөн сэжигтэн Г "Хэрүүл сонсмооргүй санагдаад амийг нь хөнөөсөн" гэх мэдээллийг өгсөн юм.