Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос өчигдөр Спортын дунд сургуулиудын удирдах ажилтан болон багш, дасгалжуулагчдын уулзалт-хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулав.

Цахим уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг спортын сургуулийн удирдлага, төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Спортын шинэ эрин” төсөл хөтөлбөр болон МҮОХ-ноос хийж хэрэгжүүлж буй ажлууд, цаашид авах арга хэмжээний талаар товч танилцуулсан. Улмаар спорт сургуулийн удирдлага, багш нарын үйл ажиллагаа, онцлог болон бусдаас ялгарах ямар давуу тал байгаа болон авч  хэрэгжүүлж байгаа ажлын талаар оролцогчдод танилцуулж, санал солилцов.

Хэлэлцүүлгийн явцад талууд спорт-олимпизмын үзэл санааг хүүхэд багачуудад дэлгэрүүлэх, спортын сургуулиуд дээр олимпын танхимууд байгуулах зэрэг тодорхой ажлыг хамтран хийхээр боллоо. Мөн цахим хэлэлцүүлгийн үеэр хөндсөн нэг чухал асуудал нь тамирчдын элсэлтийн ерөнхий шалгалт болон сурагч, тамирчдад тулгарч буй асуудлыг хөндсөн юм.

Одоогоор манай улсад нийт 12 спортын дунд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Архангай, Булган, Ховд, Увс, Орхон аймгийн спортын сургуулиуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Таны сурталчилгаа