Өнөөдрийн байдлаар /11.24/ манай улсад 32 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 672 болоод байна.
Үүнтэй холбоотойгоор уламжлалт аргаар хэрхэн дархлаагаа сэргээх талаар Анагаах ухааны Докторант Г.Номин болон ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар зөвлөгөө өглөө.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсад 32 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 672 боллоо. Дотоодын нийт халдвар 235 болоод байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд дархлаа хамгийн чухал. Дархлаа сайн байвал тус халдвараар өвчлөхгүй байх боломж бий. Манай улсын хувьд уламжлалт анагаах ухааны арвин баялаг туршлага, аргууд байна" гэв.
Анагаах ухааны Докторант Г.Номин "Эрт дээр үеэс монголчууд цаг уурын нөхцөл байдалдаа тохируулан хоол хүнсээ хэрэглэж ирсэн.
Өвлийн улиралд мах махан бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг.
Хаврын улиралд шар идээ буюу цагаан идээг их хэрэглэдэг.
Зуны улиралд мах махан бүтээгдэхүүнийг бага хэрэглэж мөн цагаан идээгээ түлхүү хэрэглэж ирсэн.
Намрын улиралд шинэ ургацын ногоо, жимс жимсгэнээ их хэрэглэж түүнээсээ амин дэм, дархлаа сэргээх үр шимээ авч чаддаг. Мөн аньс, чацаргана, нэрс, хад жимс нь А, В, С, D гээд олон төрлийн амин дэмээр баялаг тул таны дархлааг дэмжихэд хамгийн их туслана. Намрын эхэн сард жимс бүрэн боловсорсон байдаг. Энэ үед нөөцөлж хүнсэндээ хэрэглэх, буцалгаж уух, төрөл бүрээр хэрэглэснээр цар тахлаас урьдчилан сэргийлж чадах юм.
Булууны яс
Булууны яс, тойгны яс нь эрдэс бодисоор баялаг тул дархлааг дэмжиж өгдөг. Өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж занших хэрэгтэй. Мөн үений бүтцийг сайжруулж, яс сийрэгжэлтээс урьдчилан сэргийлэхэд тустай. Мөн ясаа хаялгүй цай чанахдаа буцалгаж уувал олон төрлийн ашигтай.
Шар тос
Шар тосыг өдөр тутамдаа хэрэглэж заншаарай. Шар тос нь өтгөн мөрийг шингэрүүлэн суулгах, цөс хөөх бөгөөд судлын сүвийг цэвэршүүлдэг.
Барагшун
Барагшун нь эрдсээс гадна биологийн өвөрмөц идэвхит органик хүчлүүд, уураг, фермент агуулдаг. Эдгээр нь нийлээд дархлааг зохицуулах, сайжруулах, үрэвслийн эсрэг, олон төрлийн бактерийн эсрэг, харшлын эсрэг, цус төлжүүлэх зэрэг олон төрлийн ашиг тустай" гэлээ.