Цаг үеийн мэдээ

“Ковид-19” цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Эрдэмтдийн зөвлөл байгууллаа.

Зөвлөлийн анхны цахим хурлаар “Ковид-19” цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох чиглэлээр Улсын онцгой комиссоос хийж байгаа ажил, баримталж байгаа бодлого, гаргасан шийдвэрүүдийн талаар санал солилцов. Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, доктор, дэд профессор С.Янжинсүрэн, нарийн бичгийн даргаар АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар ажиллах бол гишүүдэд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Нямдаваа, Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаач багтаж байна.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Таны сурталчилгаа