Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.30/ 11.00 цагт  коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж  сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: " 140 гаруй вакцин хөгжүүлж байснаас 10 вакцин үр дүнтэй байгаа гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Манай улсын хувьд Ковакс хөтөлбөрт хамрагдаж  ДЭМБ-аас тавьсан шаардлагыг хангаж зөвшөөрөл авсан вакцин авна. Одоогоор яг сонголтоо хийгээгүй байгаа" гэлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа амны хаалт зүүх нь ямар ач холбогдолтой талаар тайлбарлалаа. Тэрбээр, 

"Амны хаалт зүүх хэрэгтэй гэдгийг ЭМЯ ДЭМБ-аас өмнө дэлхий нийтэд цар тахал гарч эхэлсэн цагаас эхлэн зөвөлсөн. Хоёр хүн 2-уулаа амны хаалттай байвал халдвар авахаас 90 хувь хамгаалдаг. Ойрын хавьтал буюу халуун хөнжлийн хавьтлаас халдвар авах нь их байгаа.  

Халдвар авсан хүнтэй 15 минутын хугацаанд 1,5м зай дотор ярилцсан тохиолдолд ойрын хавьтал гэж үзнэ. 

Манай улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн ойрын хавьтлын 80 гаруй хүн өвчилсөн. Амны хаалтгүй хүмүүс  төрсөн өдөрт очих, караокед хамт орсон нь халдвар авах эрсдэлийг бий болгож байна.  Нэг гэр бүлээс 2-5 хүн өвдөж байна. Амны хаалт зүүж зайгаа барих нь вакцин юм шүү.

Тиймээс иргэд хоорондоо 1,5м зайнаас дотогш харьцахгүй, хувийн ариун цэврээ сайтар сахиж шүд хоолойгоо давс,содын уусмалаар байнга зайлж байх хэрэгтэй"гэлээ.