Монголд орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хамтарч, БНИУ-ын сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер алдарт зураач Караважжогийн “МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ” эх зургийг Монгол Улсад анх удаа дэлгэж, Монголын ард түмэнд, Монголд зочлон ирсэн хүн бүхэнд хоёр сарын хугацаанд танилцуулах боломжийг нээж өгч байна.
Энэхүү үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд нээж (202.05.03) Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Жованна Пиккаррэта, БНИУ-ын Гадаад харилцааны яамны Олон нийт, соёлын газрын дарга Алессандро Де Педис, БНИУ-ын урлагийн бүтээлийн сэргээн засварлагч, доктор Чинциа Паскуали, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн нар нээлтэд оролцлоо.
Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлсэн үгэндээ “Музейн 100 жилийн түүхэнд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл Монгол Улсад гарч байгаа. Итали-Монголын соёл, шинжлэх ухаан, урлагийн хамтын ажиллагааны нэг толь болно гэж үзэж байна. Музейн барилга Чингис хааны алтан хөшөөг Италийн флоренцэд хийснийг бид хүлээж аваад байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Чингис хааны Үндэсний музей байгуулагдсанаас хойших хоёр жил гаруйн хугацаанд дэлхийн урлаг, соёлын томоохон төвүүдтэй хамтарч ажиллаж байна. Чингис хааны Үндэсний музей байгуулагдсанаар дэлхийн сонгодог бүтээлүүд, монголын гадаадад байгаа соёлын өвүүд монголд үзэсгэлэн гаргах бололцоотой, монголынхоо соёлын өвийг дэлхий дахинд түгээх, дэлхийн соёлоос хүртэх боломж бүрдсэн” гэдгийг онцлов.
Элчин сайд, хатагтай Жованна Пиккаррэта, хэлэхдээ “БНИУ нь дэлхийд сэргээн засварлах урлагаар алдартай, өнө эртний уламжлалтай. Энэхүү зураг нь дундад зууны бүхий л уран зургийн шинж чанарыг нэг дор агуулсан байдаг. Манай улсын соёлын өв, өвөрмөц онцлогийг илтгэсэн урлагийн бүтээлүүдийг сэргээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн,хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг энэхүү зургаар дамжуулан олгох болно” гэлээ.
Үзэсгэлэн дэлгэгдэх үеэр уран зураг болон зураачийн амьдрал бүтээлээр бүтээгдсэн киног үзүүлэх, соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутан сурагчдад алдарт зураачийн эх бүтээлийг дэргэдээс нь харж зургийн техник ажиллагааг судлах боломж олгохоос гадна сэргээн засварлалтаар суралцаж буй залууст сэргээн засварлах шинжлэх ухааныг сонгон суралцах сэдэл болно гэж үзэж байна.