Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.06-ны 06:00 цагаас 2020.12.07-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 31,345 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 19 объектын 11,646 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
Мөн хот хоорондын болон хот доторх нийтийн тээврийн 514 автомашин, зорчигч үйлчилгээний 7 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна.
ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Нийслэл болон Орхон, Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ аймагт тусгаарлан ажиглах 49 байранд 1,489 иргэн байна.
ОНЦЛОХ: Орон нутаг руу нисч буй зорчигчдод Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн хяналтын албаас биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Энэ сарын 03-ны өдрөөс эхэлсэн орон нутгийн нислэгээр нийт 10 онгоцоор 508 зорчигч зорчоод байна. Эрүүл мэндийн тандалт хийх явцад зарим зорчигчийн шинжилгээний хариу 119.мн цахим хуудсанд нийтлэгдээгүйгээс шалтгаалан 12 дугаар сарын 06-ны өдрийн нислэгүүд 2-4.5 цагаар хойшилж иргэдэд хүндрэл үүсгэсэн.
Мөн Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн хяналтын алба олон улсын карго нислэг үйлдэж буй агаарын хөлөг, ачаа тээшинд халдваргүйтгэл хийж байгаа бөгөөд 12 дугаар сарын 06-ны өдөр олон улсын ачаа тээвэрлэлт хийсэн гурван агаарын хөлгийн заал, ачаа тээшинд халдваргүйтгэл хийж, албан хаагчдын хамгаалах хувцас өмсөх, хэрэглэх, тайлах үеийн дэглэм, халдварын бүсийн дэглэмийг мөрдүүлэхэд хяналт тавьж халдваргүйтгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 216 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.
ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 164 тээврийн хэрэгсэл, 171 жолооч, хилээр гарсан 130 тээврийн хэрэгсэл, 350 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 17 зүтгүүр, 235 вагон, чингэлэг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 303 вагон, чингэлэг болон Сүхбаатар төмөр замын зангилааны 74 өрөө, 3 танхимд халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 10 аж ахуйн нэгжийн 534.9 тн бодис, бараа, түүхий эд бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж, 3 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.
АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 115 аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдал цуглуулалт, зайлуулалтад хяналт тавьж, зөвлөмж өглөө.
Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК-д 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 23 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 8 тусгаарлан ажиглах байр, 47 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас нийт 3164 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 3164 кг /хурц үзүүртэй 81.2 кг, эмгэг хог 91.4 кг, бусад халдвартай 4309.2 кг/ тусгаарлах байрнаас 1783.8 кг, PCR шинжилгээний 806.7 кг, онгоц, карго ачаа тээврийн 39.3 кг хог хаягдал цуглуулжээ. Цуглуулсан 3164 кг хогийг устгаснаас 965.3 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1998.7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 264 цэгээр 5,952 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, 19,429 иргэнд зөвлөгөө өгсөн байна.
Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор 1045 тээврийн хэрэгсэл, 2574 зорчигч орж, 1965 тээврийн хэрэгсэл, 7177 зорчигч орон нутаг руу гарсан байна. Мөн 84 тээврийн хэрэгслээр 3383.5 тн мидлинг, 11 тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөл бүхий 264.8 тн түүхий нүүрс нэвтэрч, 6 тээврийн хэрэгслээр 208.8 тн түүхий нүүрс дамжин өнгөрчээ.
Нийслэлд сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулсантай холбоотойгоор орон нутаг руу сайжруулсан түлшийг зөөвөрлөх зөрчил гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,750 кг буюу 70 шуудай сайжруулсан түлш зөөвөрлөснийг илрүүлэн буцаасан байна.
Эх сурвалж: МХЕГ