Цаг үеийн мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, мэргэжлийн байгууллагууд хамтран орон нутгаас Улаанбаатарт ирж суралцаж буй оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-наас эхлэн тодорхой хуваарийн дагуу "COVID-19"халдварын PCR шинжилгээнд хамруулж байгаа юм.

Өнөөдрөөс их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулж эхэллээ. 100-аас дээш оюутантай 31 дотуур байрны шинжилгээг байранд нь нэгдсэн зохион байгуулалтаар авч байгаа. Харин түүнээс доош тооны оюутан суудаг дотуур байрны болон байрнаас гадуур амьдардаг оюутны шинжилгээг дүүрэг тус бүрт бэлтгэсэн 20 цэгээр авч байгаа аж.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуульд суралцдаг бөгөөд орон нутаг явах оюутнуудыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг БШУЯ уриалж байна.

Шинжилгээнд хамрагдах хуваарь, зарлалыг сургуулийн веб хуудас, оюутны холбоодын фэйсбүүк хуудсаар дамжуулан түгээхээс гадна шинжилгээнд хамрагдах шаардлагатай оюутнуудын гар утсанд мэссежээр илгээжээ. Мөн шинжилгээнд 30 мянга орчим оюутан хамрагдаж, ойрын өдрүүдэд орон нутаг руугаа явахаар тооцоолж байгаа аж.

Таны сурталчилгаа