Цаг үеийн мэдээ

Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр үзүүлэхээр Засгийн газрын тогтоол батлагдлаа.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн ЗГ-аас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Тэрбээр "Төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон бууруулсан.

Мөн хичээл сургалтыг цахим буюу теле хэлбэрт шилжүүлсэн тохиолдолд хүүхдүүдийн хоолны мөнгө, сургалтын төлбөрийг дараагийн жилд шилжүүлэх журмыг яаралтай баталж, хэрэгжүүлэхийг БШУЯ-нд даалгалаа" гэв.