Цаг үеийн мэдээ

Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр /2021.01.13/  мэдээлэл өглөө.

Тодруулбал, төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 

Мөн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа.