Цаг үеийн мэдээ

ҮСХ-ноос мэдээлснээр, Монгол Улсын 2020 оны мал тооллогын урьдчилсан дүн гарч, улсын хэмжээнд 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс:

 4.1 сая адуу, 

4.7 сая үхэр, 

472.9 мянган тэмээ, 

30.0 сая хонь, 

27.7 сая ямаа байна. 

Тэмээнээс бусад сүргийн тоо  толгой буурчээ

 

 

Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая буюу 5.5 хувиар буурчээ. Үүнээс:

 хонь 2.2 сая (6.9 хувиар), 

ямаа 1.5 сая (5.3 хувиар), 

адуу 122.1 мянган толгой (2.9 хувиар), 

үхэр 21.8 мянга (0.5 хувиар)-аар тус тус буурч, 

тэмээ 521 толгойгоор (0.1 хувиар) өссөн байна.

Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оныхоос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө. 

Малын тоо толгой буурсан нь, Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4 хувиар), Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3 хувиар), Архангай аймгийнх 768.3 мянга (12.5 хувиар), Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9 хувиар), Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6 хувиар), Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0 хувиар)-аар тус тус багассан нь голлон нөлөөлжээ. 

Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл ихтэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэлийг ихэсгэсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна. Түүнчлэн өмнөх оныхоос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлжээ.