Цаг үеийн мэдээ

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Засгийн газраас 2019 оны 12-р сард ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээ хийх үндсэн зорилготой. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гэх баримт бичгийг Монгол Улсын эрх ашиг хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах гэсэн зорилготой.

Үүнтэй холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн ажил бий. Бид далд уурхайн бүтээн байгуулалт Монгол Улсад хэрэгтэй, эдийн засгийн үр өгөөж авчирна гэж харж байна. Гэхдээ 2020 оны Оюутолгой төслийн ТЭЗҮ-г шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос харахад эдийн засгийн үр өгөөж нэлээн буурахаар харагдаж байна. Бид санхүүгийн дүн шинжилгээ, тооцоо хийж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар далд уурхай 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүнээс үүдээд 2051 он хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 4 жил төлөхөөр байна.

40 жил үйл ажиллагаа үйл явуулахад дөрөвхөн жилд нь татвар төлнө гэдэг чамлахаар үзүүлэлт. Монгол Улс ногдол ашиг авахгүй дээр нь татварын орлого буурч байгаа нь энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй эсэх дээр хөрөнгө оруулагчтай нухацтай ярих асуудал байна гэсэн утгатай албан бичгийг өгөөд байна. Засгийн газар УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтэд анхаарал хандуулж байна. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хэмээх 2015 онд баталсан баримт бичгийг УИХ-аас хууль тогтоомжид нийцээгүй байна гэсэн үндэслэл дээр засаж сайжруулах чиглэлийг өгсөн. Засгийн газар тодорхой шаардлага, саналыг хөрөнгө оруулагч талд тавьж байна, яриа хэлэлцээр үргэлжилж байна.

Оюутолгой төслийг зогсоох хэмжээнд асуудал хурцдахгүй гэж бодож байна. Засгийн газар төслийг зогсоох санал өгөөгүй, гэхдээ эдийн засагт үнэхээр үр өгөөжтэй эсэх талаар хөрөнгө оруулагч талтай зайлшгүй ярих шаардлага үүссэн байна. Төсөл манай улсад ашигтай байх хэрэгтэйгээс гадна татварын орлого хуримтлуулах ёстой.

Энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй эсэх дээр хөрөнгө оруулагчтай нухацтай ярих асуудал байна гэсэн утгатай албан бичгийг өгөөд байна.

-Далд уурхайн бэлтгэл ажил хэвийн үргэлжлэх үү. Зогсоно гэсэн ойлголт төрөөд байна?

-Рио Тинто болон Туркойз Хилл компаниас төслийн үйл ажиллагаа зогсох хэмжээнд асуудал байна гэж хэлээгүй. Бид ч мөн төслийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. 2015 онд гэрээ байгуулахад Засгийн газар 2021 оны нэгдүгээр сар буюу өдийд далд уурхай ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байсан. Энэ хугацаа 2022 оны 10-р сар хүртэл хойшилсон. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалсан байх магадлалтай.

-Төслийн өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр яг ямар санал гаргасан бэ?

Төслийн үр өгөөжийг бууруулж байгаа хүчин зүйлд төслийн хөрөнгө оруулалтын зардал орж байна. Хөрөнгө оруулалтын зардал өсөх нь Засгийн газарт өгөх ногдол ашгийн хугацааг хойшлуулж байна. Жишээлбэл, одоогийн далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн хэмжээнээс 1.4 дахин нэмэгдсэн. Анх төлөвлөсөн зардал нь 5.3 тэрбум ам.долар байсан. Төсөвлөсөн хэмжээнээс 30 орчим хувиар нэмэгдэхээр байна. Мөн компанийн үйл ажиллагааг зээлээр санхүүжүүлдэг. Нийт 11 тэрбум ам.долларын зээлтэй компани. Зээлийн төлбөрт зардал их гарч байна. Менежментийн үйлчилгээний төлбөрт хувь тооцож авдгийг багасгах санал тавьсан. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах саналыг тавиад байна. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зардал ямар шалтгаанаар өссөн талаар хөндлөнгийн шинжээч томилуулах саналыг мөн тавьсан. Энэ асуудлыг Оюу Толгойн ТУЗ-өөс тусгай хороо байгуулж, Засгийн газраас хоёр, Туркойз Хиллээс хоёр хүн томилогдон, хөндлөнгийн шинжээчийг томилохоор ажиллаж байна.

Далд уурхайн бүтээн байгуулалт геологийн хүчин зүйлээс шалтгаалж зардал өссөн байхыг үгүйсгэхгүй боловч, төсөлд оролцогч олон талын эргэлзээг арилгах, урт хугацаанд үр ашигтай явуулахад дөхөмтэй гэж үзэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна

Оюутолгой төслийг зогсоох хэмжээнд асуудал хурцдахгүй гэж бодож байна. Засгийн газар төслийг зогсоох санал өгөөгүй, гэхдээ эдийн засагт үнэхээр үр өгөөжтэй эсэх талаар хөрөнгө оруулагч талтай зайлшгүй ярих шаардлага үүссэн

-Оюутолгойн алтыг урьдчилж борлуулах замаар санхүүжилтээ шийдэх тухай хөрөнгө оруулагчийн саналд ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюутолгойн далд уурхайг дэмжиж байгаа шалтгаан нь энэ ордын нөөцийн 80 хувийг далд уурхайгаас олборлоно. Тэгэхээр одоогийн үзүүлэлтээр нийт экспортын тал хувийг, нийт борлуулалтын орлого нь 1.1 тэрбум орчим ам.доллар байгаа нь үйл ажиллагаа нь өргөжиж, далд уурхай ашиглалтад орсноор дэлхийд олборлолтоороо 4-т орох хэмжээний том уурхай болно гэсэн байгаа. Тиймээс бид төслийг дэмжин ажиллаж байна. Бид эдийн засгийн үр өгөөж нь буурч байгаа тул бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Баялгаа ашиглуулаад өртэй үлдэж байгаа санхүүгийн тооцоог хараад энэ хэлбэрээр нь цаашид урагшуулахад хэцүү. Төслийн үр ашгийг сайжруулах чиглэлээр ажиллана. Хөрөнгө оруулагч тал дэмжин ажиллана гэсэн. Харилцан ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байна гэв.