CNN-ийн алдарт хөтлөгч Ларри Кинг 87 насандаа таалал төгслөө.
Тэрээр КОВИД-19-ийн халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд бямба гарагийн өглөө Лос Анжелес дахь эмнэлэгт таалал төгссөн гэж түүний үүсгэн байгуулсан "Ora Media" продакшнаас мэдээллээ.
Тус компаниас хийсэн мэдэгдэлд "63 жилийн турш радио, телевиз, дижитал мэдээллийн хэрэгслийн дэлгэцэнд Ларригийн олон мянган ярилцлага, шагналууд, дэлхий даяар үнэлэгдсэн нь түүний нэвтрүүлэгчийн өвөрмөц, удаан хугацааны авъяас чадварыг гэрчилж байна" гэж дурджээ.
CNN-ийн "Ларри Кинг Live" нэвтрүүлгийг хөтөлдгөөр нь түүнийг олон мянган хүн мэдэх болсон билээ. Түүний дэлхийн удирдагчид, киноны одод, жирийн иргэдтэй хийсэн ярилцлага хагас зууны туршид Америкт ярианы гол сэдвийн нэг болж байсныг хэвлэлүүд цохон тэмдэглэж байна.
Кинг ойролцоогоор 50,000 ярилцлага хийжээ. Түүний зочдоос нэрлэвэл Далай ламаас эхлээд Элизабет Тейлор, Михаил Горбачёв, Барак Обама, Билл Гейтс, Леди Гага гээд үргэлжилнэ.
Түүний нас баралтын шалтгаан тодорхойгүй байгаа ч COVID-19-ийн халдварын улмаас долоо хоногоос дээш хугацаанд эмнэлэгт хэвтсэн бөгөөд хүү нь үүнийг баталсан гэж CNN мэдээлжээ.