Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-ын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг өнөөдөр /2021.02.23/ 11:40 цагт хийлгэж вакцинжуулалтыг эхлүүллээ.

Тэрээр:  "Элэг нэгт Монгол ахан дүүсээ. Өнөөдөр 2021.02.23 ны өдөр. Шинэ Засгийн газар ажлаа хийгээд 25 хоног болж байна. Өнгөрсөн 25 хоногт Монгол улсын засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэн шуурхай, үр дүнтэй, шинэ бодлогод тулгуурлан ажиллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдөр дуусч байна. Монгол улс улаан бүсээс шар бүсд шилжиж, нийт ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тулж ирсэн сорилтыг хамтаар даван туулдаг жишээг бид дахин харууллаа. Нэг өрх нэг шинжилгээ өнөөдөр бид хаана байгаа, хаашаа явахыг заасан суурь боллоо. Хөл хорио шинжилгээгээр мөн бид вакцинжуулалтын суурийг тавьж чадлаа. Ази тивдээ вакцинжуулалтыг эхлүүлсэн улсуудын нэг болж чадлаа. Вакциныг ийнхүү шуурхай авахад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хийсэн яриа, хэлэлцээр чухал байлаа. Засгийн газар богино хугацаанд 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагдах хэдий ч цар тахлаас, аюулт өвчнөөс хамгаалах ганц арга нь вакцин гэдгийг хэлэх нь зүйтэй. Вакцинжуулалт ингээд эхэллээ Монголчуудаа. Монгол улс вакцинжуулалтыг хийж чадсан Ази тивийн эхний орнуудын нэг болж чадлаа" гэлээ.