Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусний халдвартай нь батлагдсан иргэнийг 20 км газарт туун эмнэлэгт хүргэсэн гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалайгаас тодрууллаа. 

Тэрээр: "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд батлагдсан тохиолдолтой холбоотой мэдээлэл нийтлэгдсэн тул аймгийн Эрүүл мэндийн газраас тодорхой үнэн зөв мэдээллийг хүргэж байна. Сумын эмнэлгээс 3 сарын 11-ны өглөө батлагдсан тохиолдол болох С гэдэг хүнийг авахаар Шавартын гол гэдэг газар байрлах Б-ийнд очсон.  Тухайн айл нүүдэл суудал хийхээр нилээн олуулаа 4-5-лаа цугласан байсан ба батлагдсан тохиолдолтой цуг байсан эдгээр хүмүүст түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Гэтэл тухайн гэрийн эзэгтэй болох нэр бүхий сайтад ярилцлага өгсөн О гэх эмэгтэйн хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан. Ингээд батлагдсан тохиолдол С болон түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан О нарыг сумын төврүү хүргэх шаардлагатай болсон. Мөн энэ айлтай ойрхон Г гэх батлагдсан тохиолдол байсан тул О. С нар утсаар яриад иргэн Г-ийн машинаар сумын төврүү нийлж явахаар болсон. Ингээд О.С нарыг О-ийн нөхөр Б мотоциклоор хүргэхээр явсан. 

Эмнэлгийнхэн тухайн халдварын голомтод эцсийн халдваргүйтлээ хийгээд араас нь очиход  иргэн О -ийн нөхөр Б арагшаа яараад байна хэмээн эхнэрээ С-ийн хамт орхиод явсан байсан. Тухайн 2 иргэн Г гэдэг айлруу явган очсон ба сумын төврүү 20-иод км алхсан зүйл байхгүй. Ингээд тэд Г-ийнхээс бүгд нийлж машиндаа суугаад сумын төврүү орж ирсэн. Сумын төврүү 20км алхсан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг аймгийн эрүүл мэндийн газраас мэдэгдэж байна" гэлээ.