Цаг үеийн мэдээ

Гадаад худалдааны 2024 оны эхний 4 сарын гүйцэтгэлийг экспортын 231835, импортын 125963 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргав.

2024 оны эхний 4 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9363.3 сая ам.доллар болж  2023 оны мөн үеэс 619.1 сая ам.доллар буюу 8.0 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 1510.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Экспортод 4937.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4407.2 сая ам.доллар буюу 89.3 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 296.1 сая ам.доллар буюу 6.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 47.4 сая ам. доллар буюу 1.0  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлж байна.

2024 оны эхний 4 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 87.4 хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 77.4 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 98.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.0 хувийг эзлэж байна.

Монгол улс дэлхийн 57 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  91.3 хувь, Швейцар-т 5.9 хувь, ОХУ-д 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын  98.0 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Импортоор нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 690.5 сая ам.доллар буюу 20.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 833.9 сая ам.доллар  буюу 24.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 738.2 сая ам.доллар буюу 88.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 342.9 сая ам.доллар буюу 49.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 747.5 сая ам.доллар буюу 21.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 262.5 сая ам.доллар буюу 7.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 176.2  сая ам. доллар буюу 5.1  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.2 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 36.4 сая ам.долларын бараа импортлосноос барааг   гарал   үүслийн   орноор   авч  үзэхэд БНХАУ-д 59.3 хувь,  ОХУ-д 18.1 хувь, Турк-д 5.6 хувь, БНСУ-д 5.1 хувь,   Япон-д 3.6 хувь, АНУ-д 2.2 хувь тус тус ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 65.8 хувь,  ОХУ-д 17.4 хувь, БНХАУ-д 5.4 хувь ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 25.6 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал  үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 80.2 хувь,   БНСУ-д 14.4 хувь, Тайвань-д 2.4 хувь, Энэтхэг-т 1.9 хувь тус тус ногдож байна (Хавсралт 10).

Нийт зээлийн барааг  Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 54.3 хувийг БНХАУ-с, 24.8 хувийг БНСУ-с, 9.2 хувийг ОХУ-с тус тус олгожээ.  

Нийт 42.8 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл ОХУ-д 98.0 хувь, БНХАУ-д 1.2 хувь тус тус ногдож байна. 

Манай улс дэлхийн 137 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.2 хувь;  ОХУ-д 27.0 хувь;  Япон-д 10.7 хувь; БНСУ-д 4.0 хувь;  АНУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.5 хувийг эзэлж байна.