Цаг үеийн мэдээ

Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан алба хаагчид байлдааны сумаа дутааж, дурангаа хагалаад зэмлүүлэхээс айж харуулын даргаа хөнөөсөн байж болзошгүй байна.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн ... дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын дарга, ахлах ахлагч Г-ыг буудаж амийг нь хөнөөн, буу, 45 ширхэг сумтай оргосон хэрэг энэ сарын 8-нд гарсан байдаг. Харин цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллагынхны хамтарсан ажлын хэсгийнхэн цагийн байдлыг үнэлж, тохирсон үйл ажиллагаа явуулсны дүнд өчигдөр 10:20 цагийн үед ямар нэг эрсдэлгүй саатууллаа.  

Тус заставын хугацаат цэргийн алба хаагч, Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн, 19 настай Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас татагдсан М нар дөрөвдүгээр сарын 8-ны 18.30 цагийн үед дээрх хэргийг үйлдээд зугтсан юм. Улмаар цэргийн албанд хамт ирсэн хоёр байлдагчдаа хандан “Та хоёр “онжав”-ыгаа бид яах ч үгүй” гээд орхиод явсан аж. Тухайн үед нь холбооны хэрэгсэл ажиллагаагүй болсон тул үлдсэн хоёр цэрэг нь отрядын төвдөө болсон явдлыг мэдэгдэхийн тулд явганаар 25 км замж туулж, хугацаа алдан мэдээлэл өгчээ. 

Тэд талийгаач ахлах ахлагч Г-ын гар утсыг авч, түүгээрээ ар гэрийнхэнтэйгээ холбогдож байжээ. Х, М нарыг Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс хойш 50 км газар, Бадрал багийн нутагт орших Аж богдын нурууны үргэлжлэл Зөөлөн богд уулнаа бүгж байгааг нь тогтоон ар гэрийнхнийх нь тусламжтайгаар саатуулсан юм. Ингэхдээ Х-гийн ах нь утсаар холбогдон, “Ахлах ахлагч Г амьд байгаа” гэх зэргээр ярилцаж байж бууг нь хаяулж баривчилсан гэнэ. Өдгөө тэднийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. 

Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт хэрэг өдүүлсэн Х, М нарыг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байж болзошгүй хэмээн отрядын сэтгэлзүйч нар нь тодорхойлж, заставын сэтгэл зүй, соёл хүмүүжил хариуцсан орлогч нар анхаарах шаардлагатай гэж дүгнэж байсан гэх мэдээлэл байна. Гэвч заставын тухайн албан тушаалтан нь цар тахлын улмаас анги, байрлалдаа очиж чадахгүй хөл хоригдсоноос сэтгэл зүйд нь чиглэсэн ажил хийж чадаагүй гэх мэдээлэл байна. Хоёр байлдагчийн нэг нь ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа нэлээд хэдэн танхимын цонхыг ямар нэг шалтгаангүйгээр хагалсан нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй гэж үзэх үндэслэл болсон гэх мэдээлэл байна. Харин нөгөө нь бусдыг даган дуурайж юу ч хийж болзошгүй гэж отрядын сэтгэлзүйч нар нь дүгнэжээ. 

Хоёр алба хаагч тухайн өдөр харуулд гарч байхдаа байлдааны сумаар бай буудаж дутаасан, дурангаа хагалж гэмтээсэн бөгөөд харуулын дарга нь зэмлэнэ гэдгээс айсандаа уг ноцтой хэргийг өдүүлсэн байж болзошгүй байна.

Эх сурвалж: NTV