Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагт шинээр 1220 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 17823 болсон тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр халдварын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Сэтгүүлчийн: Вакцин хийлгэсний дараа коронавирусийн халдвар авсан тохиолдол байна уу? Эдгээр хүмүүсээс нас барсан тохиолдол байна уу? гэсэн асуултад 

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: "Өчигдрийн байдлаар вакцин хийлгээд коронавирусний халдвар авсан тохиолдол 2304 болсон байна. Энэ нь нийт вакцин хийлгэсэн 617 мянга орчим хүний 0.37 хувийг эзлэж байна. Энэ нь вакцины 1 дүгээр тунг хийлгэсэн хүмүүс юм. Анх вакцин хийлгэж эхлэхэд бид сануулж байсан. ДЭМБ болон бусад олон улсын байгууллагаас вакцин хийлгэсний дараа халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сайн барихыг зөвлөж байгаа. Халдвар авсан ч хөнгөн өвдөж, эсвэл өвчлөхгүй байж болно эсвэл эдгээр иргэд халдварыг тараах дамжуулагч болох боломжтой. Өөрөөр хэлбэл халдвартай хүнтэй гар бариад эрүүл хүнтэй гар барихад халдварыг дамжуулагч болох ийм эрсдэлтэй. 

Энэ 2304 хүнд бид судалгаа хийсэн. Судалгаагаар вакцин хийлгээд 21 хоногийн дотор нийт халдвар авсан хүмүүсийн 74 хувь нь халдвар авсан байна. Өөрөөр хэлбэл тухайн хүний биед бүрэн дархлаа тогтоогүй үед хүмүүс халдвар аваад байна. Вакцин бол 100 хувь таныг хамгаалахгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ бид зайлшгүй барих ёстой гэдгийг ард иргэддээ хэлмээр байна. 

Мөн вакцин хийлгээд нас барсан тохиолдол байна уу? гэсэн судалгааг олон улсад хийж байна. Манай улсад нас барсан тохиолдлуудын 3 тохиолдол нь вакцин хийлгэсэн байсан. Вакцины хувьд 2 нь Синофарм, 1нь Файзер вакцин хийлгэсэн иргэд байна. Энэ нас баралтууд вакцин хийлгээд 7-10 хоногийн дотор гарсан байна" гэлээ.