Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах тухай, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах, “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонд тодорхойлж уламжлах,  хөрөнгө балансаас балансад шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хурлын эхэнд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дэд дарга М.Шижирбаяр хүндэтгэлийн самбар байршуулах тухай асуудлыг танилцууллаа. Монголын төр нийгэм, соёл, гэгээрэл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, гоо зүй, утга зохиолч судлаач, доктор, профессор С.Лувсанвандангийн амьдарч байсан орон сууц болох Сүхбаатар дүүргийн II хороо 65 дугаар байрны 13 тоот байрыг “Гэр музей” болгон түүх, соёлыг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус Гэр музейн хүндэтгэлийн шинэчилсэн  самбарыг тус орон сууцны 2 дугаар орцны хэсэгт байршуулах ажээ.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Б.Бааст 1959-2019 он хүртэл Чингэлтэй дүүргийн I хороо 22 дугаар байранд амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан.  Иймээс тус байрны нэгээс хоёрдугаар давхрын хооронд дахь гадна хананд хүндэтгэлийн самбар байршуулахаар боллоо.

НОБГ хээрийн дадлага, сургалтын төвтэй боллоо

Үргэлжлүүлэн НӨАУГ-ын дарга М.Баяраа хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг танилцуулсан юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын балансад бүртгэлтэй ахмадын амралтын газрыг нийслэлийн Онцгой байдлын газрын балансад шилжүүллээ. Тодруулбал тус ахмадын амралтын газар нь Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолбороос урагш байрлалтай бөгөөд ахмадуудыг амраах квот авах болзол хангаагүйн улмаас тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй гэнэ. Иймээс уг амралтыг НОБГ-ын балансад шилжүүлсэн юм. Уг амралтын газрыг НОБГ хээрийн дадлага, сургуулилтад хийхэд ашиглах аж.

Түүнчлэн нийслэлийн есөн дүүргээс “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар 4210 ээж материалаа ирүүлжээ. Тодруулбал “Эхийн алдар” нэгдүгээр одонд 263, “Эхийн алдар” хоёрдугаар одонд 3937 иргэний материал ирээд байна.  Тус одонгоор шагнуулах нийслэлийн харьяат эхчүүдийн материалыг энэ сарын 15-ны өдөр Ерөнхийлөгчид уламжилна.

Мөн нийслэлийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 11.00 цагт товлолоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ