Цаг үеийн мэдээ

2021 оны 4 сарын 16-ны өдөр Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн дуудлага өгч ирсэн 2 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж 4 сарын 18-ны өдөр нэг иргэн нь нас барлаа. Нэг иргэний биeийн байдал хүнд байна. 

Коронавирусний халдвар авсан иргэдийн голомт тодорхойгүй, ойрын болон дам хавьтлын 130 иргэн байгаагаас  66 иргэнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 40 иргэний шинжилгээ "Эeрэг" гараад байна. Иймд коронавирусний халдвар тус сумын хүн амын дунд тархсан байх магадлалтай. 

Шинжилгээг баталгаажуулахаар PCR сорьцыг Архангай аймаг руу тээвэрлэхээр шийдвэрлэлээ. 

Тосонцэнгэл суманд 4 сарын 18-ны өдрийн 12 цагаас эхлэн ТЭГ ЗОГСОЛТ хийж тандалт судалгааг үргэлжлүүлж байна. 

Мөн эмнэлгийн 4 ажилтны түргэвчилсэн оношлуурын шинжилгээ "Эeрэг" гарч ажилчдын 50 хувь нь тусгаарлагдсан тул хүний нөөцийн дутагдалд оржээ. 

Аймгийн Шуурхай штабаас Тосонцэнгэл сумын Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах ажлын хэсгийг гаргахаар шийдвэрлэлээ. 

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ