Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шийдвэрийг танилцуулах байсан. Гэвч шинэ нөхцөл байдал тогтоогдож, гэрч орж ирснээр мэдүүлэг өгсөн юм.
М.Бадарчийн гомдолтой нэхэмжлэлийг шалгах комиссын дарга Г.Батзаяа “Өргөдлийн агуулга Давж заалдах комисст гээд 2024 оны тавдугаар сарын 9-ний өдөр гэрч оролцох тухай” гэсэн хүсэлтийг гэрч өөрийн биеэр авчирч өгсөн. Аль нэг тал гэрч дуудаагүй гэсэн үг.
“Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургадугаар сараас 2023 оны есдүгээр сар хүртэл өөрийн биеийн онцлогийг харгалзан үзэж, Турк улсаас биеийн эрч хүч сэргээх тесторений тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд метанолин бодис орсон эмийг өдрийн хоёроор 4 таблетийг ууж хэрэглэсэн. Үүнийг хэрэглэж байх хугацаанд өргөдөл гаргагчтай бэлтгэлийн явцад зүрхний эм паненгинтай андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй гэж үзэж байна. Иймээс Давж заалдах комисст хэлэлцэж буй асуудалд энэ эргэлзээтэй асуудлыг нэг тийш нь шийдэх зорилгоор өөрийн хүсэлтээр гэрчээр оролцох хүсэлтийг гаргаж байна” гэх хүсэлтийг гэрч гаргасан.
Давж заалдах хэрэг хянан шийдэх комиссын дүрмийн дагуу 17.13 заалтын дагуу гэрч өөрөө оролцох хүсэлт гаргасан учир шийдвэр эцэслэн гараагүй тул гэрчийг оролцуулж, нөхцөл байдлыг тодруулаад нэг мөсөн шийдвэр гаргая гэж бүрэлдэхүүн шийдсэн.
Гэрч: Би нэг саванд өдөрт хийх эмээ хийчихдэг. Энэ савтай эм байна. Ингэж авч яваад л нэг өдөр М.Бадарч толгой өвдөөд байна эм байна уу гэхээр нь нэгийг аваад өгчихсөн. Яг л ийм эм байгаа. Энэ бол паненгин. Тухайн үед би анзаараагүй. Бэлтгэл хийж байгаа хүмүүсийн сэтгэл зүй тийм зүйлийг анзаарах сөхөө байдаггүй шүү дээ. Сүүлд нь бодоод Бадарчийн шинжилгээний хариуг харахад миний ууж байсан метанолин бодис орсон эм байгаа юм. Би заавал энд гэрчээр оролцох шаардлага байхгүй л дээ. Гэхдээ энэ асуудал үнэн зөв нэг тийшээ шийдэгдээсэй гэж хүсэж байна. Энэ хэргээс болж бөхийн нэр хүнд унаж, бөхчүүд талцаад, Бадарч өөрөө санаандгүй хэрэглэчихсэн мэдэхгүй. Хэрэглээгүй гэдгийг нь би ойлгоод байгаа. Энэ асуудалд миний байр суурь хэрэгтэй юм болов уу гэж би өөрөө санаачилж оролцож байна. Түүнээс надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Монголд тесторений шинжилгээ аваад, зөвлөгөө эмчилгээ өгдөг газар байдаггүй. Хүчний тамирчид өөрсдөө янз бүрийн байдлаар хэрэглээд, амжилт гаргахын тулд хэрэглэдэг. Энэ бол байдаг л асуудал. Би тамирчин хүн биш. 40 гарчихсан хүн чинь өөрийнхөө хэмжээнд эрч хүч авахаар өөрөө өөртөө хэрэглэсэн болохоос хэн нэгэн эмчийн заавраар хэрэглээгүй. Монголд үүнийг хэрэглэх, зөвлөх эмч байдаггүй. Хууль бусаар, санаатай, санамсаргүй байдлаар л тамирчид хэрэглэж байгаа. Зөв ойлголт аваасай гэж хүсэж байна. Би хэрэглэх шаардлагатай болоод энэ эмийг хэрэглэсэн. Нарийн ширийн юмыг дэлгэрэнгүй яримааргүй байна. Энэ эм хаа сайгүй байгаа. Монгол, Солонгос, Турк, Орос гээд бүгдэд л байдаг.
Гэрчээс асуулт асуув.
-Та энэ эмийг ямар өвчнийг эдгээхийн тулд хэрэглэдэг юм бэ?
-Тесторений хэмжээгээ нэмэгдүүлдэг. Антибиотик биш дааврын эм л гэсэн үг.
-Хэзээ уусан юм бэ?
-2023 оны 5, 6, 7, 8 сард.
-Андуураад уусан гэдэг нь хэзээ вэ?
-Тавдугаар сарын сүүлээр байх аа. Бэлтгэлд гарахын л өмнө байх.
-Та аль клубт хичээллэдэг вэ?
-Голдс
-Хичээллээд хэр удаж байгаа вэ?
-Би байнга хичээллэдэггүй. Ажилтай болохоор завтай үедээ хааяа нэг очоод л. Түүнээс байнга хичээллэдэг тамирчин биш. Бадарчийг таньдаг болохоор инээж хөхрөөд, бэлтгэл яаж байна гээд л явж байдаг.
-Та манайд өргөдөл гаргаад байгаа Бадарчтай ямар харилцаатай юм бэ?
-Зүгээр л бэлтгэл л хийдэг.
-Найз нөхдийн дотно харилцаа байхгүй юу?
-Байхгүй. Надаас дүү. Хамаагүй дүү.
-Та 2023 оны тавдугаар сараас хойш хэзээ Бадарчтай уулзсан эсвэл таарсан бэ?
-Зургадугаар сард бил үү. Наадамд гарахынх нь өмнө хальт таарсан.
-Хаана?
-Манай гэр Хан-Уул дүүрэгт байдаг. Тэр хавьд л таарсан. Бадарч мотоцикл унасан явж байсан.
-Түүнээс хойш хэзээ таарсан бэ?
-Сар гаруйн өмнө 2-3 удаа Голдс дээр таарсан. Бэлтгэлийн газар. Зургадугаар сард таарахдаа нээрээ Бадарчид би нэг витамин өгсөн байх тийм ээ. Гэхдээ би өөрөө хүргэж өгөөгүй. Хүнээр дамжуулж өгсөн. Яг тэр наадмын өмнө.
-Та тэр наадмын дараа Бадарчаас допинг илэрснийг мэдээд тэр үед нь гарч ирэхгүй яагаад одоо гарч ирж байгаа юм бэ?
-Би тэр үед нь мэдээгүй.
-Хэзээ мэдсэн юм бэ?
-Долоо хоногийн өмнө л мэдлээ.
-Тэр хүртэл мэдээгүй явсан гэж үү. Яагаад?
-Ийм бодис илэрсэн гэж би долоо хоногийн өмнө л мэдсэн. Сая эмээ захихдаа харсан чинь л тэр бодис нь байсан.
-Долоо хоногийн өмнө л та Бадарчийг допинг хэрэглэснийг мэдсэн хэрэг үү?
-Биш биш. Допинг биш. Ийм ийм бодис илэрсэн байна гэдгийг нь мэдсэн. Өмнө нь мэдээгүй байсан учраас хандах боломж байгаагүй. Сая эмээ захихдаа л ийм бодис ордог юм байна гэдгийг мэдсэн.
-Хэдэн миллиграммаар уудаг юм бэ?
-25 мил.гр
М.Бадарчаас асуулт асуув.
-Та тэр өгсөн эмийг нь уусан уу?
-Тийм.
-Ямар нэгэн бодис орсон эм гэж мэдсэн үү?
-Түүнийг чинь панангин гэж бодоод л уугаад байгаа шүү дээ.
-Хэдэн удаа уусан бэ?
-3-4 хоног уусан л даа. Бэлтгэлийн явцад. Арван хэдэн эм байсныг. Тэр эмээ дуусгаад л дахиад өөрөө эм авсан.
-Өдөрт хэдийг уусан бэ?
-Тухайн үед панангин өдөрт 2-3 ширхгийг уух заалттай байсан.
-Яг хэзээ уусан бэ?
-Тавдугаар сарын сүүл. Наадамд гарах нэлээд дөхсөн байсан шүү.
-Та энэ хүнд итгэж байна уу. Үнэн ярьж байгаа болов уу, худлаа ярьж байгаа болов уу?
-Үнэн ярьж байгаа болоод л өөрөө ил гарч ирж байгаа байлгүй. Би ямар авчирсан биш.
-Ямар ч байсан та энэ хүнээс эм авч уусан юм байна. Тийм үү?
-Уусан.
-Ууснаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тийм үү?
-Тийм.
М.Бадарчийн гомдолтой нэхэмжлэлийг шалгах комиссын дарга Г.Батзаяа: Олон Улсын болон Үндэсний Спортын Арбитрын Допингийн давж заалдах комиссоос шийдвэр гарч байна. М.Бадарчийн нэхэмжлэлтэй Үндэсний бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад холбогдох допингийн зөрчлийн маргааныг хянан шийдвэрлэлээ.
Шийдвэрийг танилцуулъя.
Нэгдүгээр үндэслэл буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу байгуулагдаагүй. Допингийн эсрэг үйл ажиллагаа явуулах эрхгүй болохыг тогтоолгох энэ хэсгийг хүлээж авах боломжгүй байна гэж шийдсэн.
Хоёрдугаар үндэслэл нь М.Бадарчаас шинжилгээ мөрдлөгийг олон улсын стандарт үр дүнгийн олон улсын стандартыг зөрчсөн болохыг тогтоолгох өргөдлийн шаардлага гаргасан. Үүнд холбоотой 11 зөрчил байна гэж гомдол гаргасан байдаг. Талуудаас ирсэн нотлох баримтуудыг үндэслэн 11-нээс есийг нь үндэслэлгүй гэж үзээд, хоёрыг нь үндэслэлтэй байна гэж үзээд, хүлээн авч шийдлээ.
Шинжилгээний хариу хүчин төгөлдөр байгаа. Шинжилгээний хариунд илэрхий гаж нөлөө үзүүлэх үр дүнд нөлөөлөх хэмжээний допингийн дүрмийн зөрчил байхгүй байна гэж комисс үзсэн. Энэ хүн өмнө нь 4 удаа допингийн шинжилгээ өгч байсан. 5 дахь дээр хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Энэхүү процессын зөрчил нь шинжилгээний үр дүнд нөлөөлөхүйц биш байна. Дээж цуглуулах үе шат бүхэлдээ зөрчигдөөгүй гэж үзнэ. Иймээс М.Бадарчийн 7095868 дугаартай шинжилгээний хариуг хууль ёсны гэж үзнэ. Сүүлд ирсэн гэрчийн мэдүүлгээр гэрч холбогдох баримтуудаа бүрдүүлж ирсэн боловч үүнийг бүрэлдэхүүнд тогтоогдохгүй байна гэж үзсэн. Иймээс Үндэсний их баяр наадмаар 2023 оны долдугаар сарын 12-нд авсан шинжилгээний хариунд А болон В сорьц илэрсэн учраас Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1.2-т зааснаар тамирчны В сорьц шинжлэгдэж, В сорьцын үр дүн А сорьцод хориглосон бодис, түүний маркер, метополети илэрсэн болохыг дахин баталсан. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариу хүчин төгөлдөр байгаа учраас өргөдөл гаргагчид олон улсын стандартууд шинжилгээний үр дүнд нөлөөлөхүйц биш гэж үзсэнийг тэмдэглэж байна. Иймээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна. Мөн дээрээс нь допингийн эсрэг дүрмийн зөрчлүүд гэж үзсэнтэй холбоотой дүрмийн зөрчлийн мэдээллийг Дэлхийн допингийн эсрэг байгууллагад комисс өөрөө хүргүүлэхээр шийдвэрлэж байгаа. Үндэсний бөхийн салбар хорооноос эрхийг эдлүүлээгүй дээр допингийн эсрэг дүрмийн зөрчил гэж үзсэн. Эрхийг эдлүүлэхээр М.Бадарчид 7 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч М.Бадарч энэ эрхээ эдэлье гэдэг хүсэлтээ ирүүлээгүй. Ирүүлээгүй учраас допингийн эсрэг дүрмийн эрх хасах шийтгэлд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломж байхгүй болсон. Иймээс М.Бадарч допинг хэрэглэсэнтэй холбоотой 4 жилээр барилдах эрхийг хасах шийдвэрийг хэвээр үлдээж байгаа юм.
С.ОТГОНБАЯР
2024-05-10
нэг минутын зайтай л учраа бөхөө унагасан гэлүү тэнэг бөх монголчуудыг зальдаж мөнгө олох гэж байгаад шившиг болллоо солонгос явж ажил хий ой гутмаар новш