Цаг үеийн мэдээ

Улсын арслан М.Бадарчаас тодрууллаа.

-Таны барилдах эрхийг 4 жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээлээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Хэтэрхий нэг талыг харж шийдвэр гаргалаа л гэж харж байна. Би хурлын шийдвэрийг машин холдуулж байгаад өөрөө сонсож чадсангүй л дээ. 

-Танихгүй шахуу хүнээс яагаад эм аваад уучихсан юм бэ?

-Бөхчүүд хоорондоо эм байна уу гээд аваад уучихдаг л даа. Угаасаа би эмчилгээтэй байсан. Эмээ дуусангуут л хүнээс аваад уусан. Панангин гэж бодоод л ууж байгаа шүү дээ. 

-Хувь тавиланг тань шийдэх асуудал дээр үү. Бөхчүүд өөр хүнээс ус ч авч уудаггүй гэдэг шүү дээ?

-Наадам дээр л тэгдэг шүү дээ. Наадам болох болоогүй байсан. Санаанд орсонгүй л дээ. 

-Яг хэзээ авч уусан юм бэ?

-Тавдугаар сар дуусах дөхсөн байсан. Наадмын бэлтгэл дөхсөн байсан үе л дээ. Юм юм л байгаа л даа. Тэр процессыг нарийн яриад яах вэ дээ. 

-4 жил барилдах эрхийг хасаад хөнгөлөхгүй гэлээ шүү дээ. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэглээгүй юм чинь би яах билээ дээ. Өчигдөр нэг хүсэлт гаргаж өгсөн дөө. Түүн дээр уг нь тодорхой байгаа. 

-А, В хоёр сорьцоос хоёулангаас нь илэрчихлээ шүү дээ. Хүлээн зөвшөөрч болохгүй юм уу?

-Би хэрэглээгүй шүү дээ. Хэрэглээгүй болохоор яаж хүлээн зөвшөөрөх юм бэ. Бүхэл бүтэн арван хэдэн жилийн хөдөлмөр шүү дээ. 

-Гэрчийг өмнө нь таньдаг байсан юм уу?

-Зааланд хамт бэлтгэл хийдэг хүмүүс нэгнийгээ бүр танихгүй байна гэж байхгүй шүү дээ. 

-Та тэр хүнийг дуудаагүй юу?

-Наад хүн чинь өөрөө ирсэн гэж байгаа шүү дээ. Арбитраас нь асуу. Өчигдөр өөрөө арбитрт хүсэлт гаргасан гэж ярьсан шүү. 

-Өнөөдрийн хурлын шийдвэртэй та санал нийлэхгүй юу. Дараагийн авах арга хэмжээ юу вэ?

-Нийлэхгүй. Олон улс руу хүсэлт гаргана.

С.ОТГОН 

Таны сурталчилгаа