Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч ажилчид хуурамч шинжилгээний хариу үйлддэг гэх асуудалд ХӨСҮТөвийн захирал Л.Баттөр тайлбар хийлээ. Тэрээр: "Нэг хаалга нэг - шинжилгээ үйл ажиллагаанаас хойш зарим ажилтан албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа зүйл байгаа. Шалгалтын үйл ажиллагаа одоо ч үргэлжилээд явж байна. Гэхдээ ХӨСҮТ-ийн нэр дээр албан ёсоор шалгагдаж байна, эдгээр хүмүүст арга хэмжээ авлаа гэсэн мэдэгдэл ирээгүй. Тийм учраас ямар албан тушаалтан, ямар эмч мэргэжилтнүүд шалгагдаж байгааг хэлэх боломжгүй. Аливаа асуудалд хууль хяналтын байгууллага эцэслэн асуудлыг тогтоож шийдвэрлээгүй энэ үед хэнийг ч бид гэм буруутай гэж үзэх боломжгүй. Магадгүй тэр цөөн тооны алдаа гаргасан хүмүүстэй холбоотой асуудлаас болж бүхэл бүтэн ХӨСҮТ -ийн 850 гаруй эмч мэргэжилтнүүд, мөн ХӨСҮТ-өөс гадна  эрүүл мэндийн салбарынхны нэр хүндэд халдаж байгаа энэ асуудалд манай хамт олон, эрүүл мэндийн салбарынхан сэтгэл дундуур байна. Бүх зүйл хууль хяналтын байгууллагад шалгагдаад энэ бүх асуудлууд шийдэгдсэн үед тэр албан тушаалтан, ажилтан албан хаагчид тодорхой болох байх. Үүнээс наана хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн сувгууд батлагдаагүй мэдээллийг олон нийтэд цацаж байгаа нь ард иргэдийн итгэл үнэмшлийг байхгүй болгох, ажилтан албан хаагчдын үндсэн ажил үйлчилгээгээ гүйцэтгэхэд хүндрэл учруулах, сэтгэлзүйн хувьд хүнд байдалд оруулж байна. Өнөөдөр цар тахал Монгол улсад улам өргөн хүрээнд, орон нутгуудад тархсан энэ цаг үед эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ үндсэн ажил үүргийг л гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас олон нийтдээ хандаж хэлэхэд батлагдаагүй мэдээлэлд үндэслэж нийт эрүүл мэндийн салбарынханд хүнд дарамт үзүүлэхгүй байгаач ээ л гэдгийг хүсмээр байна. Аяндаа энэ асуудлууд хууль хяналтын байгууллагаас шалгагдаад тогтоогдоход бид нар тодорхой арга хэмжээнүүдийг аваад явах болно" гэлээ.