Цаг үеийн мэдээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед соёл, урлагийн салбар зогсонги байдалд орсон. Нийслэлийн Соёл, урлагийн газраас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа.  

-Нийслэлийн Соёл урлагийн газар бүх нийтийн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Төрийн байгууллагуудын ажилчдын 10 хувь нь албан байгууллага дээрээ, 90 хувь нь цахимаар ажиллаж байгаа. Хэдийгээр төрийн алба хаагчдыг цахимаар ажиллуулах чиглэл ирсэн ч өнөөдрийн хувьд Нийслэлийн Соёл, урлагийн газар НОК-ын жижүүрийн үүргийг гүйцэтгэж байгаа учир бүрэн бүрэлдэхүүнээрээ, алба хаагчид маань хариуцсан дүүргүүдэд ажиллаж байна. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, вакцинжуулалт хийж байгаа газрын мэдээлэл бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газар нь 14 алба хаагчтай, 11 харьяа байгууллагатай. Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулга, музей, номын сан, салбар номын сангууд, дүүргийн соёлын орднууд гэх зэрэг байгууллагуудын 400 гаруй алба хаагч манайд харьяалагддаг.

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын 84 жилийн ой энэ жил болсон. Танай байгууллагын чиг үүрэг, зорилго юу вэ?

-1937 онд тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын 12 дугаар хурлаар дөрөвдүгээр сарын 23-нд Соёл, урлагийн газрын эхлэл тавигдсан. Үүнээс хойш нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан соёл, урлагийн бүх л ажлыг хариуцан ажиллаж байсан. Тухайлбал, соёлын довтолгоо. Нийслэлд амьдарч байгаа иргэддээ соёл, урлагаар үйлчлэх, соёлжуулах, соёл урлагийн бодлогын асуудлыг манай байгууллага хариуцан ажиллаж ирсэн түүхтэй. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд бид ойдоо зориулж, төсөл, хөтөлбөрүүд хийдэг. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй.

-Цар тахлын улмаас соёл, урлагийн арга хэмжээ тасалдаж байгаа хэдий ч хөл хорионы дараа үргэлжилнэ. Ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын чиг үүрэг бол Засгийн газрын бодлого, төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон бодлогуудыг хийж хэрэгжүүлдэг юм. Монгол Улсын хэмжээнд Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Гадаад харилцааны яамны харьяа Гадаад бодлого, соёлын газар гэсэн дөрвөн төрийн байгууллага соёл, урлагтай холбоотой ажилладаг. Нийслэлийн Соёл, урлагийн газар нутаг дэвсгэрийн хувьд зөвхөн нийслэлийн хэмжээнд гэх боловч Соёлын яамны харьяа мэргэжлийн болон бусад байгууллага нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс эдгээр байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй болдог. Мөн бүх кино театр, урлаг заал, концертын танхим, соёл урлагийн сургалтын төвүүд, караоке, бар зэрэг байгууллагуудын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгодог. НИТХ-ын 35 дугаар тогтоолын хүрээнд дээрх тусгай зөвшөөрлийг олгодог юм. Нийслэлийн Соёл, урлагийн газар хууль эрх зүйн болон бодлогын ажлуудыг түлхүү хийх зорилготой байгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн үйлчилгээний стандарт гэж байгаагүй. Үүнийг бид Стандарт, хэмжил зүйн газартай хамтран 2017 оноос хойш боловсруулж эхэлсэн. Энэ бол амархан боловсруулагдах зүйл биш. Бид өнөөдрийг хүртэл маш олон газрын саналуудыг авч боловсруулсан. Энэ стандарт удахгүй батлагдана. Соёл, урлагийн үйлчилгээний стандарт гарснаар ямар ач холбогдолтой вэ гэхээр соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэхэд ямар хэм хэмжүүр тавих вэ гэдэг ойлголтыг эхний ээлжид авна. Дутуу зүйл олон байгаа ч эхний ээлжид стандартаа гаргаад, дараа нь сайжруулаад явах нь зөв гэж бодож байгаа.

-Соёл, урлагийн салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ. Залуучууд ямар арга хэмжээг хүлээдэг вэ?

-Би Нийслэлийн Соёл, урлагийн газрыг хоёр хэсэгт хуваагддаг гэж боддог. Нэгдүгээрт, бодлогын хэсэг, нөгөө нь арга хэмжээ зохион байгуулах хэсэг. Бодлогын хэсэг өмнө нь хэлсэн стандарт болон оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудалд түлхүү ажиллаж байна. Хэдийгээр хууль нь батлагдаад гарсан ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тухайлбал, уран бүтээлчид аливаа тоглолтод оролцохдоо зохиогчийн эрхтэй дуу дуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Өнөөдрийг хүртэл караокед дуулагдаж байгаа дуу ямар ч албан ёсны зөвшөөрөлгүй байгаа. Бид 2017 онд хамтын удирдлагын байгууллагуудтай санамж бичиг зурсан. Караоке болон бусад байгууллагыг хянахын тулд автоматчилсан мониторингийн систем хэрэгтэй. Энэ систем Монголд байхгүй учир эхний ээлжид механик зохицуулалт хийсэн. Үүний хүрээнд караоке ажиллуулах зөвшөөрөл авч байгаа байгууллага хамтын удирдлагын байгууллагатай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний хураамж төлсний дараа тусгай зөвшөөрлөө авдаг болсон. Хамтын удирдлагын байгууллага авсан хураамжаа хөгжмийн зохиолч болон яруу найрагчдад хуваарилдаг. Бид цаашдаа үүнийг системд оруулна. Жишээ нь, Япон Улсад нэг цаг караокед дуулахад бүх дуу нь цаанаа бүртгэгддэг. Бүртгэгдсэн дуу болгоны ард зохиогчид байгаа. Тэдгээр зохиогчдод нэг иен ч хамаагүй очдог. Үүнийг бид хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучид маань тодорхой хэмжээний орлоготой болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн болон бусад байгууллагын тоног төхөөрөмжийн судалгаа хийх ажлыг бид хөл хорионоос өмнө эхлүүлсэн. Энэхүү судалгааг хийснээр цаашид солих, шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээлэл гарч ирнэ. Мөн тоног төхөөрөмжийг ажиллуулж байгаа боловсон хүчин мэргэжлийн байна уу, үгүй юү гэдэг судалгаа гарна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь практикаар сурсан байдаг. Тиймээс чадваржуулах ажил хийж байгаа. Бид зөвхөн тоног төхөөрөмжийн судалгаа хийгээд зогсохгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй газарт төлбөртэй тоглолт зохион байгуулах гэж байгаа бол дуучид ам барихгүй дуулж, амьд тоглолт зохион байгуулдаг байх журам гаргах юм. Тоног төхөөрөмж сайн биш байхад амьд тоглолт хийх нь зохимжгүй гэдгийг уран бүтээлчид хэлдэг. Тиймээс бид тодорхой газруудад заавал амьд тоглолт хийх зохицуулалт гаргаж байгаа юм. Үзэгчид төлбөрөө төлөөд үзэж байгаа учир амьд тоглолт үзэх ёстой. Хамгийн ойрын жишээ ОХУ-ын зарим хот заавал амьд тоглолт хийх зохицуулалт гаргасан байдаг. Иргэд төлбөрөө төлөөд ирж байхад дуучид ам бариад байгааг хэлдэг. Энэ асуудлыг бид арилгана. Уран бүтээлчид ч уран бүтээлээ чанаржуулах хэрэгтэй болох байх. Хөгжим зохиох бол маш их цаг зарцуулдаг ажил. Би Япон Улсад хөгжмийн зохиолч, урлагийн менежерээр долоон жил сурсан. Тэнд байхдаа Монголынхоо уран бүтээлчдийг аваачиж, хаврын баяр болон бусад арга хэмжээ, наадмыг зохион байгуулдаг байсан. Монголын урлаг, соёлын зохицуулалт, менежментийг нэг шат ахиулж, боловсронгуй болгох тал дээр ажиллаж байна.

-Урлагийн салбарынхан нийслэлээс юу хүсдэг вэ?

-Зөвхөн нийслэл гэлтгүй урлаг, соёлын салбарыг бүхлээр нь харах юм бол манай улс Азийн  орнуудаас түрүүлж алхсан барууны школтой улс. Манай соёлыг харахад үндэсний агуулгаас гадна европ соёлтой юм шиг харагддаг. Социализмын үед урлаг, соёлд анхаарахдаа хүний нөөцөд маш их анхаарал хандуулдаг байсан. Одоо бол мэргэжлийн удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч зэрэг мэргэжлийн хүний нөөц хоцрогдож, тасарч байна. Улс үүнд тодорхой хэмжээний бодлого гаргаж, хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй. Дууны инженер, гэрлийн инженер зэрэг мэргэжлийн хүмүүсээ бодлогоор гадаадын орнуудад сургах хэрэгтэй. Ингэж бэлтгэж авахгүй бол хөгжмийн урлаг хөгжмийн зохиолч, удирдаачгүйгээс болж маш том асуудалд ордог. Үүнийг сэргээхийн тулд нэгдүгээрт, хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, зөвхөн гадагшаа сургаад байх биш, дотооддоо сургах хэрэгтэй. Дотооддоо сургахдаа сургалтын чанараа сайжруулах, системээ шинэчлэх хэрэгтэй байна. Мөн цалингийн асуудал яригддаг. Урлаг, соёлоо менежментийн түвшинд эргэлтэд оруулахгүй бол зүгээр цалингаа нэмээд явах асуудал бол утгагүй. Уран бүтээлчид уран бүтээлээ чанаржуулах хэрэгтэй. Тэр нь эргээд бага ч гэсэн орлого олдог байх хэрэгтэй. Жишээ нь, Үндэсний урлагийн их театр хөгжимчид, дуучид, бүжигчид зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хэрэв улс гэрээ хийж чадвал Япон Улсад маш том хэмжээний тоглолт хийх боломжтой. Зөвхөн нэг хотод биш, олон хотод тоглолт хийж болж байна. Өнөөдрийг хүртэл Японд монголчууд зохион байгуулалтыг нь хийж тоглосон тоглолт маш цөөн. Ихэвчлэн япончууд урьж, зохион байгуулсан байдаг. Япончууд ажлаа эрт төлөвлөдөг улс. Хэрэв бид өнөөдөр гэрээлээд, энэ урсгалд орж чадах юм бол Үндэсний театрын 100 уран бүтээлчдээс тал нь гадаадад тоглолт хийдэг болно. Арваннэгдүгээр сард Японд, арванхоёрдугаар сард Хятадад, нэгдүгээр сард Солонгост гээд дэлхийд тоглолтоо борлуулах боломжтой юм. Энэ нь Монголын соёл, урлагаа сурталчлахаас гадна уран бүтээлчид нэмэгдэл цалин хөлстэй болно.

-Цар тахал соёл урлагийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Коронавирусийн тархалтаас болж соёл, урлагийн ажлууд зогсонги байдалтай байна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа соёл, урлагийн салбарын хүмүүс тодорхой хэмжээнд цалингаа аваад явж байна. Хамгийн хүнд тусаж байгаа хүмүүс бол чөлөөт уран бүтээлчид. Бид чөлөөт уран бүтээлчдээ дэмжих, эдийн засгийн эрэлтэд оруулах, гаднын зах зээлд борлуулалт хийх зэрэг менежментийг хийхгүй бол зөвхөн Монголдоо уран бүтээлээ хийгээд амьдарна гэвэл хэцүү. Өнөөдөр коронавирус гарч байна, хойшид ямар нөхцөл үүсэхийг бид мэдэхгүй. Тиймээс эдийн засгийн эргэлтэд оруулахад улс бодлогоор дэмждэг, зохион байгуулдаг, нөгөөтэйгүүр чөлөөт уран бүтээлчид маань нэгддэг, хамтран оролцдог байх зохион байгуулалтад орох хэрэгтэй. Соёлын яам байгуулагдсанаар маш их хүлээлт үүссэн. Соёл, урлагийн салбараа бодлогоор дэмжээд явах байх гэж найдаж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газар Соёлын яамтайгаа хамтран ажиллана.

-Нийслэлчүүддээ хандаж юуг уриалах вэ?

-Соёл, урлагийн салбарыг хүмүүс янз бүрээр хардаг. Бүх нийтийн бэлэн байдлын үед “Карантин 14” гэдэг нэвтрүүлэг гарсан. “Ододтой бүжиглэе” шоу гарч байна. Урлагийнхан маань чадах чинээгээрээ иргэддээ эерэг зүйл үзүүлж, дархлааг нь дэмжихээр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Соёл, урлаг бол нэг тал руу хэлбийгээд байдаг салбар биш гэж би боддог. Энэ салбарынхан бүх хүний нүдэнд ил байдаг. Нийслэлээс гаргаж байгаа “UB хамтдаа” уриалгыг соёл, урлагийнхан дэмжин ажиллаж байгаа. Хатуу хөл хорионы үед дэглэмээ сайтар баримтлахыг уриалж байна. Иргэд идэвхтэй оролцохгүй бол үр дүн муу болно гэдгийг бүгд харж байна. Иргэд дэглэмээ сайтар баримталбал бид энэ цар тахлыг даван туулна. Өнөөдрийн байдлаар 110 цэг дээр 50 мянган иргэнийг дархлаажуулах төлөвлөгөө гарсан байна. Үүний цаана маш олон төрийн алба хаагч ажиллаж байдаг. Өнөөдрийн байдлаар 1361 албан хаагч ажиллаж байна. Иргэд гэртээ байхдаа үр дүнтэй, сурч боловсрох, дархлаагаа дэмжихэд цагаа зарцуулаасай гэж хүсэж байна.

 

Таны сурталчилгаа