Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын Нуур цэцэрлэгт хүрээлэнгийн дотор хэсэгт болон Наран туул 2 захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метр гудамжинд Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зураг, баримал зэрэг бүтээлүүдээ туурвиад эхэллээ. Тэд бүтээл туурвих явцдаа агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх дээр анхааран ажиллаж байна. Төсөл хэрэгжиж дуусахад Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн хавь ойр урлагийн орчин болон хувирах ба зам дагуу алхах иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх юм.
Энэхүү наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.
Уран бүтээлчдийг ажиллаж байх явцад оршин суугчид олноор ирж үзэхийн сацуу баярлаж талархсанаа илэрхийлсээр байна.
Уран бүтээлчид: Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаанцоож, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр
Өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-нд 14.00-21.00 цагийн хооронд “Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадмын оролцогчид, төслийн үр дүнг танилцуулах Олон Нийтийн Урлагийн Цахим Өдөрлөгийг фестивалийн болон зохион байгуулагчдын сошиал хуудсаар дамжуулан шууд нэвтрүүлэх юм.