Цаг үеийн мэдээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав. Байнгын хорооны С.Бямбацогт уг тогтоолын төслийн талаар хийсэн танилцуулгадаа, УИХ-аас өнгөрсөн сарын 02-нд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуульд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллахаар заасан. Мөн тус хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн удирдахаар зохицуулсан. Үүнтэй уялдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулж, Комиссыг 6 гишүүнтэй байх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох зохицуулалтыг тусгаж өгсөн. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны долоодугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан тул Хүний эрхийн Үндэсний Комиссын 6 дахь гишүүнийг сонгон шалгаруулж томилон, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлаг" гэлээ.

Тогтоолын төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг энэ сарын 10-наас ирэх сарын 10-нд тогтоохоор тусгажээ.   

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан  асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжсэнээр батлав.

Таны сурталчилгаа