Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Хүн амын сан, "RioTinto", "Оюутолгой" компанитай "Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх" төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд 4976 ам.долларын үнэ бүхий 510 ширхэг хамгаалалтын хувцас, 560 ширхэг N95 амны хаалтыг ЭМЯ-нд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийт 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй  уг төслийг 2020 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж байгаа юм.

Хандивын хамгаалалтын хувцас, амны хаалтыг коронавируст халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад хүлээлгэн өгнө гэдгээ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдэгдэв. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан, "RinTinto" болон "Оюутолгой" компанид талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

Хандив гардуулах ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Шинэтөгс, хөтөлбөрийн ажилтан Э.Өнөрөө болон RioTinto компанийн мэдээлэл олон нийттэй харилцах ерөнхий зөвлөх Э.Нарантунгалаг нар оролцов.

Ташрамд дурдахад, уг төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 19 тоног төхөөрөмжөөс бүрдсэн PCR-ын цогц лабораторийг байгуулж хүлээлгэн өгчээ. Мөн Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг, Дорноговь аймгийн сумын өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн анхан шатны алсын зайн үйлчилгээг үзүүлэх 100 орчим багцыг хүлээлгэн өгсөн байна.