Цаг үеийн мэдээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов.

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан цахимаар оролцож, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд 300 сая ам.доллар хүртэлх хэмжээтэй хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа юм. Мөн нийгмийн эмзэг бүлэгт цар тахал сөргөөр нөлөөлөх байдлыг бууруулах зорилгоор хүүхдийн мөнгийг 2021 оны долоодугаар сар хүртэл 100 мянган төгрөг болгон нэмж олгохоор шийдвэрлэсэн.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр, цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг тус тус батлуулан хэрэгжүүлж байна.

Улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байна.

Иймээс "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн төслийн хүрээнд 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирсон. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход зарцуулна гэдгийг Сангийн сайд тэмдэглэв.

Мөн тус санхүүжилтээс үлдсэн хөрөнгийг вакцин худалдан авахад зарцуулна гэдгийг тодотгов. 

Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар танилцуулав.

Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Баттөмөр нар Сангийн сайд болон ажлын багаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтий төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох санал хураахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь буюу 75 хувь нь дэмжиж зөвшилцөв. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.