Цаг үеийн мэдээ

УОК-ын Эрдэмтэн судлаачдын багийн гишүүн, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач, АУ-ны доктор Г.Цогзолмаагийн мэдээллийг хүргэж байна

-Монголд мутацид орсон вирус илэрсэн үү?

“Энэ вирус нь мутаци өөрчлөлтөд орж байна. Вирус олшрох явц эсвэл нэгээс нөхөөд халдварлах явцдаа мутаци өөрчлөлтөд орж байдаг. Хэдий хэмжээний олон хүнд тархана төдийн хэмжээний өөрчлөлтөд орно.

Бүтцийн болон бүтцийн бус гэсэн уургийг агуулсан геномын бүтэцтэй. Үүнд 20 мянга орчим мутаци бүртгэсэн. Энэ олон мутаци өөрчлөлт бүгд аюултай гэсэн үг биш юм.

Хэд хэдэн хэлбэр нь аюултай байдлаар олон улсад тархаад байна. Жишээлбэл, Англи болон Өмнөд Африкт 23 мутаци, 17 амин хүчлийн өөрчлөлттэй хувилбар тархсан.

Манайд анх бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж одоо B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна

Одоогоор дэлхийн нийтэд анхаарал татаад буй 10 орчим вариант байна. Эдгээр хувилбарууд вирусийн тархалтыг нэмэгдүүлж, дархлааны хариу урвалыг бууруулдаг нь тогтоогдоод байна.

Манай орны хувьд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа, лаборторийн 3 эрдэмтэн, судлаач нар Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж, манай улсад тархаад буй хувилбарыг тодорхойлж судалгаа хийсэн. Ингэхдээ цаг хугацааны хувьд өөр, өөр хувилбарыг авч явсан.

Манайд анх бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж одоо B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна. Энэ хэлбэр нь дотроо тархалтыг ихэсгэдэг мутаци, эмнэлзүйг хүндрүүлдэг мутацийг агуулж байна. B.1.1.46 гэсэн хувилбар нь дэлхий дахинд өргөн тархаагүй. Энэтхэг, Англи, Австралид бүртгэсэн.

Энэ хэлбэр нь вакцины эсрэг дархлааг бууруулдаг мутаци биш. Хувирч байгаа вируст вакцины үзүүлэх нөлөөг судалж байгаа.