Цаг үеийн мэдээ

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин хурандаа Э.Халтарын нэрэмжит домогт Сулинхээрийн отряд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, хос одонт анги боллоо. Зуны эхэн сарын хур дагуулсан билэгт сайн өдөр төрийн дээд энэхүү шагналыг Сулинхээрийн отрядын түүхийн хуудсыг хамтран бичилцэж, нэгэн үе удирдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төрийн цэргийн байгуулалт хариуцсан ахлах референт, бригадын генерал Ч.Сайнтөр гардууллаа. Ёслолын хүндэтгэлийн үйл ажиллагаанд ҮАБЗ-ийн ажлын албаны ахлах референт хурандаа С.Энхзориг, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Хатанбулаг сумын ИТХ-ын дарга Т.Чимэдцэрэн, Засаг дарга С.Эрдэнэболд, сум орон нутгийн харилцан ажиллагаатай байгууллагуудын удирдлага, ахмад хилчдийн төлөөлөл оролцсон юм. Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ахмад хилчид, алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасан байна. Дашрамд дурьдахад тус хилийн анги 1945 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дээд командлалын тушаалаар Чөлөөлөх дайнд оролцож Өвөр Монголын Улаан цав чуулганы 7 хошууг чөлөөлж баатарлаг гавьяа байгуулсан 81 жилийн дайчин түүхтэй анги билээ.