Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хүний гавьяат эмч, “Мангут” эмнэлгийн ерөнхий эмч Ү.Зуунайтай ярилцлаа. Тэрбээр “Сэхээн амьдруулах тасаг, мэс заслын тасагт амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрөөжээ.”

– Та өнөөдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа. Баяр хүргэе!

-Өнөөдөр миний баярын өдөр. Хөдөлмөрийн гараа маань 1980 онд Анагаах Ухааны Их Сургуулийг төгсөөд Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр очсон үеэс эхэлнэ. Сэхээн амьдруулах тасаг, мэс заслын тасагт амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрөөжээ. Тэр үеэс өдийг хүртэл эрүүл мэндийн салбарт 41 жил тасралтгүй ажиллаж байгаа хүн л дээ. Үүний үр шим юм болов уу гэж бодож, талархаж байна. Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баярлаж байна. Тэдэнтэйгээ хамтарч зүтгэсэн ажлын минь үр дүн учраас тэр. Мангут эмнэлгийн хамт олондоо мөн баярлаж, талархсанаа илэрхийлье.

“МАНАЙ” ЭМЧ НАР, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД ӨӨРСДИЙГӨӨ ХАЙРЛАДАГГҮЙ ХҮМҮҮС

-Эрүүл мэндийн салбар өөрөө хүний амь настай шууд холбогддог асар өндөр хариуцлагатай салбар. Эмч, сувилагч гэх мэргэжлийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Манай эмч нар, эмнэлгийн ажилчид өөрсдийгөө хайрладаггүй хүмүүс шүү дээ. Мөнгө, эрх мэдлийн шунал гэдгийг мэдэхгүй. Хүний төлөө гэсэн сэтгэлээрээ л явдаг улс. Тэгээд ч яг энэ цар тахлын хүнд хэцүү нөхцөлд эмч, ажилчид эндэх тохиолдол гарлаа. Аргагүй л дээ. Олон сараар нойргүй явахаас эхлээд дархлаа нь суларна, халдвар авах, өвдөх нь амархан болно. Аль аль талдаа зөвхөн эмнэлгийн ажилчдын ажил мэтээр ойлгож болохгүй. Хүн болгон хичээж, энэ айхтар өвчнийг давна. Бид юманд амархан дасчихаад байна л даа. Халдвараас шалтгаалж хүн нас бараагүй байхад учиргүй айж, цочирдож байсан иргэд сүүлдээ тоохоо байх хандлагатай болж ирлээ. Энэ их буруу. Хүний амь гэдэг юу юунаас илүү эрхэм зүйл. Тийм учраас эмч мэргэжилтнүүдийнхээ ажилд иргэн хүнийхээ хувиар тус нэмэр болж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй байна.

Саяхан гэхэд надад нэг зүйл маш эмзэг туслаа. Юу вэ гэхээр манай байрны нэгэн оршин суугч хөл хорионы үеэр байрны найр хийж байх юм. Дуулалдаад л… Яаж байгаа юм бол доо, байрны найраа яагаад хатуу хөл хорионы үед хийгээд байна аа гэж эмч хүнийхээ хувьд бодоод үзэхэд сэрдхийж байсан. Иймэрхүү хариуцлагагүй байдлаас болж энэ өвчний тархалт нэмэгдэж байгаа юм шүү дээ.

– Улсын эмнэлгүүдийн ачаалал, орны нөөц, эмч ажилтнуудын хүртээмжийн асуудал одоогийн нөхцөлд ямар түвшинд байгаа вэ? 

– Манай улс гэлтгүй дэлхий дахинаа тархаад буй коронавирус гэж айхтар өвчнийг бид харьцангүй барьж чадаж байна. Үүнд эмч, мэргэжилтнүүдийн оролцоо маш чухал байгаа гэдгийг нийт ард иргэд минь харж байгаа байх. Бид улсын эмнэлгээ түшиглэж арга хэмжээ авч байгаа боловч цаана нь маш их нөөц, хүртээмж бас бий. Хэрвээ дахин онц байдал зарлаад, нөхцөл байдал хүндэрвэл хувийн хэвшлийн эмнэлгүүд өөрсдийнхөө хэмжээнд маш олон ор дэлгэхэд бэлэн байгаа. Жишээ нь, ганц хүн дээр авч үзье. Миний хувьд гэхэд энэ хүнд хэцүү өвчний үед 200 гаруй ор гаргаж чадна. Манай эмнэлэг 140 ортой. Сувилалаа гаргах юм бол 170 ор бэлэн байна. Тийм учраас эмч нар бид бүх хүчээ дайчлан даван туулж чадна аа.

-Манай улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ үед хамгийн их ядарч, галын шугаман дээр тэмцэж байгаа хүмүүс бол та бүхэн.

– Өнгөрсөн жилээс эхлээд манай улс энэ цар тахлын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн. Тэгэхэд зөвхөн мэргэжлийн халдвар хамгааллын эмч нар дайчлагдсан. Тэдгээр эмч мэргэжилтнүүд үнэхээр ядарч байгаа. Жил гаруйн хугацаанд туйлдаж, сэтгэл санаа болон бие организмын хувьд ядаргаанд орсон нь үнэн. Сүүлийн үед  хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дайчлан ажиллуулж байна. Манай эмнэлгээс гэхэд эмч нар халдвартай бүсэд сар гаруйн хугацаанд ажиллаж л байна. Бүх хүчээ дайчилбал бидэнд нөөц байна. Хэцүү, нөөц боломж нь  бага орон тоонууд байгаа. Жишээ нь, тархвар судлаач, сэтгэл судлаач гэх мэт мэргэжлүүд дутмаг байгаа шүү. Үнэнийг л хэлэх хэрэгтэй. Эмч нарын хувьд яг дайчлах юм бол ахмад эмч нар байна. Мэргэжлийн талаасаа шавхагдашгүй нөөц бидэнд бий.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Таны сурталчилгаа