Цаг үеийн мэдээ

СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн сургуулийн анхны захирал, кино телевизийн найруулагч Бадраагийн Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл-9” медиа урлагийн бүтээл шалгаруулах, олон улсын оюутны наадмын шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол  энэ сарын 14-нд онлайнаар  болно.

Энэ удаагийн наадмын таван төрөлд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНТУ, БНСУ-ын есөн сургуулийн 249 оюутны 111 бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 27 бүтээл үлдээд байна. Наадмын гол зорилго нь  медиа урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, шинэ залуу, авьяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашдын бүтээл хийх хүсэл тэмүүллийг урамшуулан дэмжих, орон орны оюутнууд харилцан бие биеэсээ суралцах, хамтын бүтээл туурвих боломж олгоход оршино.

  Ес дэх удаагийн наадам нь сэдэв хамаарахгүйгээр дараах төрлөөр шилдгүүдийг тодруулна. Үүнд: 

Шилдгийн шилдэг бүтээл

Телевизийн шилдэг бүтээл

Радиогийн шилдэг бүтээл

Шилдэг богино хэмжээний кино бүтээл

Шилдэг гэрэл зургийн мультмедиа бүтээл

Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл гэсэн төрөлд шалгаруулж байна. Наадам нь гурван шатны шалгаруулалттай бөгөөд медиа урлагийн салбарын нэр хүнд бүхий мэргэжлийн шүүгчдийн баг шүүж байна. 

2008 оноос уламжлал болон зохион байгуулж байгаа энэхүү наадамд 2012 оноос олон улсын оюутнууд бүтээлээрээ оролцох болсон. Хоёр жил тутам зохион байгуулагдаж ирсэн наадам нь 2020 онд болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдон энэ жил онлайнаар болж байна.