“Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Эрц бүрэн цугласан тус хуралд Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, дэд ажлын хэсгийн дарга, БТСУХ-ны дэд дарга, Ц.Одонбаяр, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын паралимпийн хорооны дэд Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү хурлаар Дэд ажлын хэсгийн II хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлт, МҮОХ-ноос Токио-2020 олимптой холбоотой хэрэгжүүлж буй ажлууд, олимп, паралимпийн наадамд бэлтгэгдэж буй Үндэсний шигшээ багийн талаарх мэдээлийг хүргэж, санал бодлоо солилцлоо.
Түүнчлэн "Токио-2020" олимп, паралимп нь цар тахлын үед зохион байгуулагдах учраас онцгой нөхцөлтэй зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулах хорооноос “Токио-2020” олимпийн наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ажилчдад зориулан шинэ журмыг гаргасныг МҮОХ-ноос танилцууллаа. Мөн тус хурлаар энэ сарын 18-нд болох Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа.