УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор нар өнөөдөр /2021.05.18/МҮХАҮТ-д ажиллаж, эдийн засаг, бизнесийн хууль, эрх зүйн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын оролцоог хангах, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог шинэ шатанд гаргах талаарх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн болон Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа, Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ө. Үнэнбүрэн, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, санал солилцов.
Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрөөс олгох тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой томоохон хуулийн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүд онцолж байв. Түүнчлэн хуулийн төслийг боловсруулах болон хэлэлцүүлгийн явцад мэргэжлийн салбарынхны оролцоог нэмэгдүүлэхэд цаашид хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Нэн түрүүнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтад шинэ платформ ашиглан хамтран ажиллах, худалдааны салбарын эрх зүйн орчин одоог хүртэл хангалттай бүрдээгүй, худалдааны хуульгүй байгаа учраас энэ хуулийн төслийг санаачлах шаардлагатай байгаа талаар ярилцлаа. Мөн цаашид урт хугацаанд эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэхэд мэргэжлийн холбоодын судалгаа, санал санаачилга чухал гэдэгтэй талууд санал нэгдсэн юм.
Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгын талаар УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
Бизнес эрхлэгчид тусгай зөвшөөрөл авах, сунгуулах, сэргээх гэж төрийн байгууллагын үүд сахихгүйгээр 100 гаруй төрлийн зөвшөөрлийг “E-Mongolia” системээс авах боломжтой болсон төдийгүй иргэд 516 үйлчилгээг цахимаар авч байна.
Цаашид Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг холбогдох хуулийн төслүүд батлагдвал цахим үйлчилгээний тоо нэмэгдэнэ гэдгийг УИХ-ын гишүүд хэллээ.
Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг зохион байгуулахдаа төр шинээр сүлжээ татах бус одоо байгаа хувийн хэвшлийнхний бий болгосон сүлжээг ашиглах, түүнчлэн шинэ суурьшлын бүсүүдийг тогтоож, цахилгаан, ус, дулаан зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхдээ мэдээлэл, холбооны сүлжээг хувийн хэвшлийнхэнд даатгаад орхих бус төрийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэдэг байх хэрэгтэй талаар салбарын төлөөлөл онцоллоо.