Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.19) хуралдаан 12 цаг 05 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд шийдвэрлэсэн. Дунд суудлын энэ хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар тэрбээр танилцууллаа.
Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж заасныг тус тус Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хариулт авсан бол дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нар үг хэллээ. Хүн эрх талаасаа ч, Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцын хүрээнд харсан ч Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Ямар нэг хэрэг үүссэн асуудал нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн бол тэр тухай Цэцэд маргаан үүсгэсэн бол хэргийг түдгэлзүүлэхээс өөр аргагүй. Хэрэг бүртгэл, мөрдөн шалгах явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчүүлэхгүй байхад нийтээрээ анхаарах ёстой гэв. Цэцийн дээрх шийдвэрийн үндэслэлд "Үндсэн хуулийн цэцэд тухайн эрүүгийн хэргийн оролцогч, эсхүл огт хамааралгүй этгээдийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсгэн хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийг түдгэлзүүлэхээр байгаа нь хэргийн бусад оролцогчдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжийг алдагдуулж, тэгш байдлыг хангах зарчмыг хөндсөн байна” гэж дурдсан байгааг Б.Энхбаяр гишүүн онцлов. Үндсэн хуулийн цэц нь дарга нарын асуудлыг хэлэлцдэг байгууллага биш гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд “Цэц нь Монгол Улсын иргэн нэг бүрийн эрх, эрх чөлөөг хангадаг, зөрчигдөж байгаа тохиолдолд хамгаалах учиртай юм. Гэтэл зөвхөн Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал түдгэлзүүлж болно, харин иргэн хүн Үндсэн хуулийн цэцэд гомдол, маргаан гаргавал түдгэлзүүлэхгүй гэж байгаа нь маш зохисгүй хандлага, агуулга гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдол гаргах эрхтэйг Үндсэн хуульдаа заасан байдгийг тэмдэглэн хэлсэн. Эрх ашиг нь зөрчигдсөн иргэн эрх, эрх чөлөөгөө хангуулах, хамгаалуулах үүднээс бүх түвшинд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх эрх нээлттэй байх ёстой гэдгийг хэлээд Цэц иргэний эрх, эрх чөлөөг хязгаарласан ийм шийдвэр гаргасан нь туйлын зохисгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Цэцийн үйл ажиллагааг хуульчлах, мөн Улсын Их Хурлаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх дэгийн талаар Н.Алтанхуяг гишүүн байр сууриа илэрхийллээ.
Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэний дараа холбогдох хууль, тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.