Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.12/ мэдээллийг хүргэлээ. Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга  Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийг хэрхэн вакцинжуулах болон Файзер вакцины талаарх мэдээллийг хүргэлээ. Тэрээр : " Манай улсад орж ирсэн Файзер вакцины өөрийнх нь заалт дээр жирэмсэн болон хөхүүл үед хийлгэхэд ямар нэгэн эсрэг заалтгүй хэмээн бичсэн байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүд хэрвээ Ковид 19-ийн эсрэг вакцинд хамрагдъя гэвэл хяналтын эмчдээ үзүүлээд зөвшөөрөл аваад хийлгэж болно.  Өөрөөр хэлбэл тухайн вакцины найрлагад орсон бодисод харшилгүй бол энэ вакцинд хамрагдаж болно гэсэн заалттай. Эрүүл мэндийн яамны дэргэдэх эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд болон эрдэмтдийн баг судлаж үзээд жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакциныг хийхийг зөвшөөрсөн. Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүдэд Файзер вакциныг хийхийг зөвлөж байна. 

Эхний тунг: жирэмсний 14 долоо хоногоос дээш хугацаанд 

Хоёр дахь тунг : жирэмсний 36 долоо хоногоос өмнө хийнэ. 

Хоёр дахь тунг 36 долоо хоногоос өмнө хийж чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. 

Жирэмсний 36-40 долоо хоног ийн хооронд Ковид 19-ийн эсрэг вакцин хийхгүй" гэлээ.