Цаг үеийн мэдээ

Ливан улсын зүүн хэсэгт байрлах нуурын эрэг дээр ихээхэн хэмжээний үхсэн загас угаагдан гарч ирсэн байхыг нутгийн иргэд олсон байна. Караон хэмээх энэхүү нууранд ямар шалтгааны улмаас ийнхүү олон тооны загас үрэгдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд урьд өмнө нь ийм их хэмжээний хохирол учирч байгаагүй талаар орон нутгийн загасчид болон албаны хүмүүс мэдээлжээ.

Урьдчилсан таамгаар, тодорхой вирусний улмаас үхсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа ч мөн зарим мэргэжилтнүүдийн зүгээс уг явдлыг усны бохирдолтой холбон тайлбарласан байна. Том, жижиг ялгаагүй бүхий л төрлийн загас үхэж, агаарт тархах үнэрээр нь ойр орчмын хүмүүс анх олж мэдэцгээжээ.

Сүүлийн хэдэн өдөр олон тооны хүн, машин техник хэрэгслүүдийг дайчлан ойр орчмын газрыг цэвэрлэж байгаа бөгөөд ингэхдээ нийт 40 гаруй тонн загас зөөсөн болохыг ажиллаж буй хүмүүс нь мэдээлсэн байна.

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, газар усалгаанд зориулан анх Литани голын урсгалаас Караон нуурыг байгуулж байсан түүхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд үйлдвэрийн саарал ус болон газар тариаланд ашиглагддаг химийн хорт бодисуудыг их хэмжээгээр цутгаснаас болж уг нуурт бохирдоход хүрчээ. Улмаар шалгалтын үр дүнд нуурын загаснууд хоол хүнсэнд хортой болох нь тогтоогдсон тул 2018 онд нутгийн удирдлагаас загасчлахыг хориглосон шийдвэр гаргаж байсан юм.

Тиймээс энэхүү гамшигт явдалд орчны бохирдол чухал нөлөө үзүүлсэн байж болох саналыг мэргэжилтнүүд дэвшүүлж байгаа билээ.

Экологийн цагдаагийн алба

Таны сурталчилгаа