Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны “Сагсагийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 115 км-т, Хатгал тосгоны төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ ачааны автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг зургадугаар сарын 12-ны өдрийн 17:40 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, сум дундын Эмнэлгийн эмч нар 15 км замыг туулан 17:58 цагт очиход Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас Хатгал тосгоны чиглэлд мод тээвэрлэж явсан “Урал-4320” загварын ачааны автомашин автозамын хажуу руу онхолдож, жолооч Г/52 настай, эрэгтэй/ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, сум дундын Эмнэлэгт хүлээлгэн өгчээ.